“Эрчүүд” төвтэй засаглал дотор мөс зүсэж, шинэ жишиг тогтоогч
“Гарт байгаа боломжоо бусдад зориулахаас татгалзана гэдэг нь түүхийн өмнө хүлээх хариуцлага бөгөөд гарцаагүй ирж байгаа цагийг дэмжигч байх эсэх нь та бүгдийн сонголт” хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Их Хурлын чуулганы танхимд үгээ хэллээ.
Ийнхүү хэлсэн нь ирэх жилийн сонгуулийн өнгийг тодорхойлох “УИХ-ын сонгуулийн тухай” хуультай холбоотой. Саяхан батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хуулийг өөрчлөхөөр хэлэлцсэн. Ингээд УИХ-ын өчигдрийн /2023.06.15/ хуралдаанаар эл хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үүний өмнө эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгтэй дахин хэлэлцэх шийдвэр гаргаж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдсан.
Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгасан. Гэвч нүүрэн дээр хүйсийн квотыг 40% болгоно гэж амласан улстөрчид эцсийн хэлэлцүүлгийн өмнө квотыг 30% болгон бууруулж орхилоо. Үүний эсрэг УИХ-ын 76 гишүүний 10 хуруунд ч хүрэхгүй цөөн гишүүн хүйсийн квотыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд байгаа юм.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор. Тэрээр эмэгтэйчүүдийн квотын асуудалд өөрийн итгэл, үнэмшил, үзэл баримтлалдаа бат зогсож, чуулганы танхимд удаа дараа байр сууриа хүчтэй илэрхийлэн, намын бүлгийн дарга, хууль санаачлагч Д.Тогтохсүрэн гишүүнтэй ч байр суурь зөрчилдсөн.
Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр квот нэмэгдүүлэхийн эсрэг кноп дарж байгаа гишүүддээ хандан тэрээр хатуу байр сууриа илэрхийллээ.
“Байнгын хорооноос оруулж ирсэн квоттой холбоотой заалтыг ухарсан гэж хэлэхгүй ч бас урагшилсан ч хэмээн харахгүй байна. Миний хувьд хуучин байр сууриасаа нэг сөөм ч ухрах бодолгүй. Квотыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа мэт боловч, практикаас харвал сонгуулийн хууль байнга өөрчлөгддөг. 2028 онд ч мөн адил өөрчлөгдөхгүй байх баталгаа алга” хэмээн шүүмжилсэн.
Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар дэлхий дахинаа маргаантай байдаг. Гэвч ардчиллын замаар хөгжиж байгаа энэ цагт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд квотоос илүү арга зам байхгүй гэдгийг тэрээр нэмж онцолсон юм.
Улс орноо удирдан чиглүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад улс төрийн намууд, удирдагчид илүүтэй анхаарч, улс төрийн соёл гаргах, санаачилгатай байхыг хүсэх л юм бол квотын хувь 30 байтугай өсөх боломжтой.
"Эр" төвтэй засаглалын бүтэц дотор эмэгтэйчүүдийн үнэлэмж доогуур олон жил явсан. Энэхүү хэвшмэл ойлголтын эсрэг, аль нэг эмэгтэй асуудалд орвол нийт эмэгтэйчүүдийг ялладаг, нийгмийн хүлээн зөвшөөрч амжаагүй уур амьсгалын эсрэг, өнгөрсөн хугацааны шударга бус байдал, өчүүхэн эрх ашгаар том үнэт зүйлээ арилжаалсан хулгай дээрмийн бүлэглэл, ёс зүйн уналтын эсрэг улс төрд хүчин мөхөстөх мэдрэмж бодитой төрж байна. Аль ч улсад мөс зүсэх, шинэ жишиг тогтоох түүхэн үүрэг гүйцэтгэх цаг хугацаа гэж бий. Өнөөдөр тэрхүү түүхэн цаг хугацаа гэлтэй. Тиймээс өөрийн байр сууриас ухрахгүй.
Тэрээр “Бусдад боломж олгогч, шинэ зам мөр гаргагч улс төрч байх нь миний зарчим. Ирээдүйд дараагийн үе болох олон мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийг тэгш гараанаас өрсөлдөх замыг нь нээх түүхэн үүрэг ирж байна” гэж байр сууриндаа хатуу зогсож байна.