“Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Социологийн боловсрол төв”-тэй хамтран улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль, тогтоомжийн зохицуулалт түүний хэрэгжилт болон улс төрийн хүрээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн хэрэгжилтэд 2022 онд судалгаа хийсэн билээ.
Уг судалгааг үндэслэн “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр ХЭҮК илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд /2023.03.17/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул болон УИХ, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, ХЗДХЯ, Сонгуулийн ерөнхий хороо, Жендерийн үндэсний хороо, МАН, АН, ХҮН, Иргэний Зориг ногоон нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Иргэдийн оролцооны нэгдсэн нам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Койка” ОУБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” зэрэг улс төрийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл оролцов.
Оролцогчдын зүгээс эмэгтэйчүүдийг улс төр, шийдвэр гаргах түвшинд сонгогдох эрхийг нэмэгдүүлэх буюу УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвших квотыг 50 хувьд хүргэх.
Цаашлаад шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, тэдний эрхийг зөрчсөн, хязгаарласан үед хүлээлгэх хариуцлагын механизмыг бүрдүүлэх чухал байгааг онцоллоо.
Түүнчлэн нам, эвслийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр авлигын индекс буурдаг сайн туршлагыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн дундах хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зэрэг саналыг ХЭҮК-т илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн дээрх судалгаанд Монгол Улсын нийт сонгуулийн насны иргэдийн 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч УИХ-ын нийт гишүүдийн 17.3 хувь эмэгтэй гишүүд байгаа нь дэлхийн дунджаас 7.6 хувиар бага үзүүлэлт болохыг дурдсан байна.