Монгол Улс нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцод нэгдэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улс нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцод 1971 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэгдэн орсон.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг баталж, орхигдуулсан, зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан.
Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, 21 улс нэгдэн орж, нэг улс хүлээн зөвшөөрч, нэг улс баталсан байна.
Энэхүү протоколд ашиглалтад байгаа aгаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналтаа тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон.
Монгол Улс нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлага үүсээд байна.
Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй, харин хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.