Цахим салбарын цаасгүй экспо “ICT expo 2023”
2023.06.06

Цахим салбарын цаасгүй экспо “ICT expo 2023”

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ  болох “ICT EXPO 2023” “MINDGOLIA” уриатайгаар 6-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам санаачлан ерөнхий зохион  байгуулагчаар Мэдээлэл,технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар Боловсрол  шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хамтран зохион  байгуулагчаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон төрийн  бус байгууллагууд ажиллаж байна.  

Энэ удаагийн экспогийн гол зорилго нь оролцогч бүрийн эрх ашгийг дээдлэн, бүх  нийтэд хүртээмжтэй байдлаар, эх дэлхийд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол  Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад  сурталчлан таниулахаар үр дүнтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. 

“ICT Expo 2023”-н хүрээнд 6 дугаар сарын 8-нд өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх,  цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад  салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм байна. Энэхүү хэлэлцүүлэг нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын компаниудын олон улсад гарах бизнесийн шинэ боломжийг нэмэгдүүлэх, өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой аж.

Тус арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлэгч 100 гаруй байгууллагууд оролцохоос гадна олон улсын томоохон технологийн компаниуд ч оролцох юм. Тэд хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зэрэг олон талт үр ашигтай харилцааг бий болгох үүднээс уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Батцэцэг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга 

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлах ёстой. Төр хувийн байгууллагуудтайгаа өрсөлдөн, уралдах биш дэмжих, хөгжүүлэх ёстой. Энэ хүрээнд ЦХХХЯ уг экспог санаачлагч хэдий ч салбарын гол байгууллага болох Мэдээлэл, технологийн үндэсний парк ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. 
Монгол Улсын энэ салбарын боломж дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр ч өндөр байна. Бүс нутгийн хэмжээнд ч Монгол Улс цахим шилжилтэд эрчимтэй шилжиж байгаа улсаар зүй ёсоор тооцогдож байна. Тиймээс гадаадад боломж, нөөцөө сурталчлах, бүс нутаг, олон улсын хүрээнд шийдлийг хамтдаа ярилцаж, ойлголцох зорилгоор дээд түвшний уулзалтыг энэ удаад зохион байгуулах гэж байна.”

Түүнчлэн энэ жилийн экспод олон улсын томоохон төлөөллүүд албан ёсоор оролцож  байгаагаараа онцлог болж байна. Форумын арга хэмжээг Dell, Microsoft компаниуд дэмжин ажиллаж байгаа бол  экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр Google оролцож, NAVER, Amazon зэрэг компаниудын  томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцох юм.  

Ж.Золзаяа Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал 

“ICT expo 2023-д үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллагууд нэгдэж, олон нийтийн оюуныг мялаан технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Энэ жилийн экспо байгальд ээлтэйгээрээ онцлог бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тараах материал, хэвлэмэл сурталчилгаа зэргийг ашиглалгүй дижитал самбар, мини аппликейшн, QR код зэргийг ашиглан бүхий л зүйлийг технологиор шийдвэрлэж цаасгүй экспо  болохоо  зарлаад байна. 
Мөн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжөөд 100 гаруй жил болж байгаа бөгөөд тус салбарын хөгжил, цар хүрээгээ тэлсээр энэ жилийн арга хэмжээнд 10 гаруй улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологи хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирж, хамтын мэдэгдэл гарган, арга хэмжээг нээн оролцох юм.”

Технологийн дэвшил бидний бүтээмжийг өсгөж, амьдралыг илүү хялбар болгож  байна. Гэвч нөгөөтээгүүр хүмүүс дунд технофоби буюу технологиос айх айдас дэлгэрч байна. Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд “ICT Expo 2023”-т оролцож буй байгууллагууд технологи бол энгийн  гэдгийг хүн бүрд ойлгуулахаар “Tech is….” агуулга дор экспод  оролцож буй 150 гаруй байгууллага нэгдэж байгаа юм. 

Цаашлаад хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжин, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид  дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбоо үүсгэх боломжтой юм.

А.Баттамир Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч 

“Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр Монголын програм хангамжийн компаниудын чадвар маш сайн өссөн. Энэ удаагийн экспо нь эдгээр дотоодын компаниуд төдийгүй, програм хангамж хэрэглэгч хэн бүхэнд маш үр өгөөжтэй болно. Түүнчлэн програм хангамжийн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөж, бүтээгдэхүүнүүдээ танилцуулах, борлуулах ч боломж нээгдэх юм.”

Нийслэл Улаанбаатар хотын төвд, Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр, e-sport, cкүүтер уралдаан, “Cosplay” үзүүлбэр, ажлын байрны үзэсгэлэн, Стартап шоукэйс арга хэмжээ болохын зэрэгцээ олон нийтийг хамарсан технологийн энтертайнмент шоу болно.

Мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байгаа энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломж олгож байна.

Иймд тус экспог зорин очиж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг зохион байгуулагчид уриаллаа. ICT expo 2023 дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг эндээс үзэх боломжтой.