2020.10.09
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс долоон жилийн дараа бүрэн цахимжина
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” эхэллээ. Аравдугаар сарын 09-өөс 11-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд үргэлжлэх үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр:
УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л. Оюун-Эрдэнэ "Бид ирэх 30 жилийн хугацаанд ямар байх вэ гэдгээ бодохын тулд эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг тодорхойлох ёстой. Тиймээс өнөөдөр би энэ экспо дээр ярих гэж биш суралцах гэж ирсэн. Монгол улс 7 жил хоёр сарын дараа бүрэн цахимжина. Үүнийг би биш, судлаачид хэлсэн. Ирэх дөрвөн жилд бид шилжилтийн 85 хувийг хийнэ. Үүнд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой. Төрийн үйлчилгээ цахимжсанаар авлига байхгүй болж, иргэд стресстэхгүй болно" .
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
“ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх "Цахим үндэстэн" хэлэлцүүлэг өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны өдөр Туушин зочид буудалд болсон.