Залуу эрдэмтэн ахуйн бохир ус цэвэршүүлэх технологи боловсруулан ажиллаж байна
2023.06.05

Залуу эрдэмтэн ахуйн бохир ус цэвэршүүлэх технологи боловсруулан ажиллаж байна

Хүн амын өсөлт, үйлдвэрлэл, технологи хөгжил хотжих процесстой уяалдан усны хэрэглээ жил бүр нэмэгдэх болсон нь хот суурин, үйлдвэр аж ахуйн нэгж газраас гарах бохир усыг байгаль орчинд хор хөнөөл үзүүлэхгүйгээр экологийн шаардлагад нийцүүлэн бүрэн цэвэрлэж татан зайлуулах асуудал чухлаар тавигддаг. Бохир усны нөлөөгөөр хүрээлэн буй байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж хүн, амьтан, хөрс, ургамалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар шинэ технологи боловсруулан ажиллаж байгаа Шинжлэх Ухааны Академийн ХХТХ-ийн Технологийн Инкубаторын захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.

Бохир ус, саарал ус, хар ус гэж юу вэ?

- Бохир ус гэж хүний ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний улмаас буй болсон эсвэл хур тунадасны урсацыг зайлуулах явцад үүсч, байгалийн унаган төрх нь алдагдсан гадаргын буюу газрын доорхи ус гэж заасан байдаг. Ахуйн бохир усыг дотор нь хар ба саарал ус гэж ялгадаг. Хар ус гэдэг нь ялгадас зайлуулах төхөөрөмжөөс гарах хүний өтгөн, шингэнийг агуулсан ус. Харин саарал ус гэдэг нь усанд орох, гар нүүр, хувцас угаах, гал тогооны угаалтуураас гарсан усыг хэлнэ. Ахуйн бохир усны 30% орчмыг хар ус эзэлдэг.

Хот, суурин газрын цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшин ямар байна вэ?

Манайд байгаа бохир ус цэвэрлэх байгууламжууд нь 1961-2001оны хооронд ашиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар 42% нь биологи, механик, 47% нь механик, 11% нь биологи, механик болон гуравдагч цэвэрлэгээ /халдваргүйжүүлэлт/ хийгдэж байна. Эдгээрийн ихэнхи нь хүчин чадлаас нь давсан бохир ус ирж байгаа учраас дөнгөж механик цэвэрлэгээ хийж байна. Мөн бохир усны цэвэрлэгээний түвшин 19%-70% байна.

Тэгвэл орон нутгийн хувьд байдал ямар байна?

Аймаг орон нутгийн ихэнхи цэвэрлэх байгууламжууд нь техник технологийн хувьд орчин үеийн норм стандартын шаардлагыг хангахгүй хоцрогдсон, бохир усыг шууд буюу зөвхөн механик цэвэрлэгээгээр цэвэрлэн хөрсөнд хаяж байна. Түүнчлэн нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдолын түвшин нэмэгдэж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрээд байгаа.

Одоо нийслэлд ажиллаж байгаа Цэвэрлэх байгууламжийн хүчин чадалд юу сөргөөр нөлөөлж байна вэ?

Нийслэл хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд ахуйн болон үйлдвэрийн бохир уснаас гадна хурын болон хөрсний усыг цэвэрлэлгүйгээр шууд нийлүүлж байгаа нь мөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник технологийн хүчин чадлаас хамаарч стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй бохир ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд нөлөөлж бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж байна.

Хамгийн их бохирдолтой ус нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа байх. Ямар стандарт мөрдөн ажилладаг бол?

Үйлдвэр аж ахуйн газрууд төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх усны зөвшөөрөгдөх хэмжээ гэж бий. Гурван сайдын тушаалаар хамтарсан тушаал байдаг. Түүний дагуу бохир усаа нийлүүлэх ёстой. Арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа ус энэ стандартад нийцэхгүй байгаа учраас цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Гэхдээ ганц арьс ширний үйлдвэр биш л дээ. Нилээд олон үйлдвэрээс зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан ус нийлүүлэгдэж байгаа л даа.

Гарах арга зам нь юу байна вэ. Бид цаашид байгаль дэлхийдээ бохир ус нийлүүлээд л байх уу?

Гол нь хэрэглэсэн усаа сайн цэвэршүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн процесс, гарч байгаа усныхаа найрлагад тохирсон цэвэрлэх байгууламийг хэрэглэх шаардлагатай. Ямар бохирдол гарч байна гэдгээс хамаарч цэвэрлэх байгууламжаа сонгох хэрэгтэй. Нэг цэвэрлэх байгууламж бүх төрлийг бохирдсон усанд тохирно гэж байхгүй. Ахуйн бохир ус бол нэг төрөл байж болно.

Манайд бохир усыг эргүүлэн ашиглах талаар авч хэлэлцэж буй асуудал явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулвал?

Өнөөдрийн байдлаар “Ус” үндэсний хөтөлбөрт хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр бодлогын түвшинд анхаарч хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Ингэснээр хаягдал усыг цэвэршүүлэн хэрэглэхэд хялбар дэвшилт технологийг нэвтрүүлж, өдөр тутмын хэрэглээнээс үүсэх хаягдал бохир усны хэмжээг багасгахад үндэсний хөтөлбөрийн үр өгөөж оршино.

Мөн ахуйн хэрэглээнээс гарсан саарал усыг эргүүлэн ашиглах, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүд нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглах, шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг тусгах, цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байхаар УИХ аар батлуулсан хуульд тусгасан байдаг.

Ер нь бид усаа цэвэрлэн дахин ашиглаж чадаж байна уу?

Бохир усыг стандартын түвшинд цэвэршүүлж хэрэглэх нь манай орны тулгамдсан асуудлын нэг юм. Саарал усыг ашиглах технологийн нөхцөл бий болоогүй, шинжлэх ухааны судалгаа нь хийгдээгүй байна. Мөн саарал усыг ашиглах талаар 2012 оноос ярьж байгаа боловч энэ асуудал туйлын хангалтгүй түвшинд байгаа. Нийслэлийн Төв болон Урьдчилан цэвэрлэх байгууламжууд нь одоогоор хаягдал усыг дахин боловсруулах технологи бараг байхгүй гэхэд болно.

Цэвэршүүлсэн усыг дахин юунд ашиглавал зохимжтой вэ?

Түүнчлэн бид саарал ус, гүн цэвэрлэсэн ус хоёрыг ялгаж ойлгох ёстой. Тогтоосон стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж чадвал цэвэрлэх байгууламжаас гүн цэвэршүүлсэн ус гарч чадах бөгөөд энэ усыг хаана ашиглаж болох вэ гэдгийг ярьж болно. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж болно. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжид ийм хүчин чадал алга Мөн ногоон хөгжил рүү тэмүүлж байгаа өндөр хөгжилтэй орнууд хар, саарал гэсэн ус дахин ашиглах болсон. Ер нь цэвэрлэх байгууламжийн дэлхийн чиг хандлага өндөр түвшинд хүрч, судалгаа шинжилгээний ажлуудыг ч төрөөс хөрөнгө гаргаж маш ихээр хийдэг болсон.

Таныг энэхүү асуудлыг шийдэх талаар тодорхой технологи боловсруулан ажиллаж байгаа гэсэн, энэхүү технологио танилцуулаач. Ямар технологиор бохир усыг цэвэршүүлж байна вэ, энэхүү технологийн ач холбогдлын талаар?

Японд бохирдсон нуур цөөрөм, ахуйн бохир усыг цэвэрлэхэд ашигтай бичил биетний био бэлдмэлийг ашиглалдаг. Энэхүү бэлдмэлийг дэлхийн олон оронд ашиглаж үр дүнд хүрээд байна. Энэхүү технологийг бид монголд нутагшуулж технологийг нь боловсруулаадс бохирдсон хөрс, бохир лаг, усыг цэвэршүүлэх, эрүүлжүүлэх 3н төрлийн бүтээгдэхүүн тус бүр дээр гарган үйлдвэрлэж байна.

Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад микробиологийн гаралтай технологи бөгөөд хүрээлэн буй орчинд тархсан ашиг тустай эерэг зуу гаруй төрөл зүйлийн амьд бичил биетэнг өөртөө симбиоз байдлаар агуулсан бэлдмэл юм. Уг био бэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл юм. Ийм учраас энэхүү био бэлдмэлийг хэрэглэн хэвшиж эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Ашигтай бичил биетний технологиор хийсэн туршилтын ажлуудаасаа дурьдвал?

Бид өнгөрсөн 6н жилийн хугацаанд өөрсдийн нутагшуулж, үйлдвэрлэж байгаа био бэлдмэлийг ашиглан олон туршилт судалгааны ажлуудыг салбарын эрдэмтэн судлаачидтайгаа хийж гүйцэтгэж ирлээ. Аялал жуулчлалын газруудын ахуйн бохир усыг цэвэршүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн болон Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир ус, бохирдсон лагийг хоргүйжүүлэх, хөрсөнд агуулагдах хортой хүнд металлын агууламжийг саармагжуулж, бохирдлыг бууруулах судалгааны ажлуудыг хийж, дээжүүдийг дотоод гадаадын мэргэжлийн лабораторуудад хийлгэсэн нь өндөр үр дүнтэй болох нь тогтоогдоод байна.

Эдгээр туршилт судалгааны үр дүнд үндэслэн дээрх чиглэлүүдээр хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн манай хамт олон эрдэмтэйгээ хамтран монгол орны уур амьсгалд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган авч уг био бэлдмэлийг үйлдвэрлэж эхлээд байгаа нь бидний бас нэг ололт юм.

Эдгээрээс ахуйн бохир усны чиглэлээр хийсэн судалгаанаас танилцуулвал?

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдээс нийлүүлдэг бохир усанд анхан шатны цэвэрлэгээ хийж, Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлэх, Төв цэвэрлэх байгууламжийн бохирын лагийг хоргүйжүүлэх туршилт судалгааны ажлуудыг био бэлдмэл ашиглан гүйцэтгэсэн.

Туршилтын үр дүнд энэхүү бэлдмэлийг бохир ус цэвэрлэх биологийн цэвэрлэгээнд ашиглах нь үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн лаганд агуулагдах хортой хүнд металлын хэмжээ саармагжсан эерэг дүн гарсан. Мөн цэвэрлэх байгууламжын орчин тойрны бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх судалгааны ажил маш өндөр эерэг үр дүнтэй гарсан.

Манайд төвийн бохир усны шугаманд холбогдоогүй газрууд бохир ус зайлуулах асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

Манайд ихэвчлэн нүхэн жорлон байдаг шүү дэ. Зарим нь бохир ус хуримтлуулах ёмкосттой түүнийг дүүрхээр нь машинаар соруулж зайлуулдаг. Харин сүүлийн үед лагер, хувийн хаусууд болон жуулчны баазууд бага оврын цэвэрлэх төхөөрөмж, мөн биологийн гаралтай био биобэлмэлүүдийг хэрэглэх болж эхэлж байгаа нь бас сайн үзүүлэлт шүү.

Харин гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ямар ажил хийгдсэн бэ? Түрүүн цухас дурьдаж байсан. Энэ талаар жаахан дэлгэрүүлвэл?

Хэд хэдэн ажил хийгдсан. Жишээлбэл анх гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, угаадасны нүхийг ариутгаж шивтрийн хийг бууруулах ажлыг 2011онд Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлсэнээр хөрсөөр дамжин усны эх үүсвэр бохирдохыг хамгаалах талаар хийсэн шинэлэг туршилтын ажил болсон бөгөөд

нийт айлын нүхэн жорлон, угаадасны нүхийг ЕМ био бэлдмэлээр ариутгаснаар органик бохирдол ихтэй өтгөн, шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан.Энэхүү ажлыг цаашид нийслэл хотын хэмжээнд тогтмол хийх шаардлагатай бөгөөд манай гэр хороололын оршин суугчид ч өртөг багатай уг бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших зайлшгүй шаардлагатай.

Аялал жуулчлалын салбарт хийсэн ажлуудаас дурьдвал?

Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазуудын бохир ус зайлуулах, цэвэршүүлэх талаар Хөвсгөл, Архангайн аялал жуулчлалын холбоотой хамтран Тойлогт, Алаг цар, Тэрхийн цагаан нуур зэрэг жуулчны баазуудад 3 шатлалтай бохир ус цэвэрлэх загвар байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламж зэргийг шинээр байгуулан, хамтарсан туршилт судалгааны ажлуудыг хийсэн. Туршилтын үр дүн өндөр гарсан болохоор тийм бохир ус цэвэршүүлэх жижиг байгууламж хэд хэдэн орон нутагт ажиллаж байна. Одоо бусад аялал жуулчлал эрхлэгчдэд бидний технологи улам эрэлт хэрэгцээтэй болж байна. Ингэснээр байгаль орчин, усны нөөцөд учруулах эрсдлийг бууруулах юм.

Цаашид уг технологийг хэрэглэж хэвшүүлэх тал дээр та бодлоо хуваалцаач?

Бохир усыг технологийн болон стандартын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлж хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх асуудал нь Монгол Улсын Байгаль Орчны тогтвортой байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чухал ач холбогдолтой билээ. Манай улсад нэгэнт стандартад нийцтэл бохир усаа цэвэршүүлэх нөхцөл боломж байхгүй учраас ус болон хөрсний өөрөө цэвэрших чадамжийг алдагдуулахгүй байгаль орчин, экологи нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй цэвэршилтийн зэрэгтэй усыг байгальд нийлүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг бага ч болтугай шийдвэрлэх арга зам нь биологийн цэвэрлэгээнд бидний боловсруулсан технологи хэрэг болох байх аа гэж бодож байна

Манайд төвийн бохир усны шугаманд холбогдоогүй газрууд бохир ус зайлуулах асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Манайд ихэвчлэн нүхэн жорлон байдаг шүү дэ. Зарим нь бохир ус хуримтлуулах ёмкосттой түүнийг дүүрхээр нь машинаар соруулж зайлуулдаг. Харин сүүлийн үед лагер, хувийн хаусууд болон жуулчны баазууд бага оврын цэвэрлэх төхөөрөмж, мөн химийн гаралтай бодис, биологийн гаралтай био бодисуудыг хэрэглэх болж. Түүнчлэн бохир усыг хар саарлаар нь ялган саарал усыг нь цэвэршүүлж, ногоон байгууламж услах зэргээр ашиглаж байгаа газар ч байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn