Н.Учрал: ХЭДС-ийн зээлийн үлдэгдэл 58.2 тэрбумын 18 тэрбум нь чанаргүй болсон
Засгийн газрын нийт 25 тусгай сан байдгаас есөн сангийн мэдээллийг шилэн болгоод байна. Тусгай сангийн мэдээллүүдийг шилэн болгосноор эргэн төлөлт эрчимжжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Засгийн газрын тусгай сангийн мэдээллийг ил болгосноор зээлийн эргэн төлөлт нэмэгдэж байна. Тухайлбал, ЖДҮХС-ийн мэдээллийг ил болгоод сар орчим болж байхад 3.5 тэрбум төгрөг төлөгдлөө. Бусад сангууд мэдээллээ ирүүлсэн ч дутуу байгаагаас шилэн болгоход хүндрэлтэй байна. Мөн дараах сангууд мэдээллээ огт ирүүлэхгүй байгаа юм.
-
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан,
-
Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
-
Эрүүл мэндийн даатгалын сан
-
Төсөв тогтворжуулалтын сан
-
Ирээдүй өв сан
-
Кино урлагийг дэмжих сан
Энэ долоо хоногтоо багтаан Байгаль орчин уур амьсгалын сан, Шинжлэх ухаан технологийн сан, Бүх нийтийн үүргийн үйлчилгээний санг шилэн болгоно. Энэ удаад ХЭДС болон НДС-ийн мэдээллийг ил болгож байна. ХЭДС гэхэд сүүлийн 10 жил 1.8 сая иргэнд 628.4 тэрбум төгрөг олгожээ. Үүнээс 122.6 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй. Төлөгдөөгүй дүн нь байгаад байхад дараа жилийн төсөв дээр дахиад төсөв нэмэгдүүлээд зээл олгогдоод байдаг. Зээлийн үлдэгдэл 58.2 тэрбумын 18 тэрбум нь чанаргүй зээл болсон.
Тусгай сангаас зээл авсан бол Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг болно
Засгийн газрын тусгай сангийн мэдээллүүдийг Зээлийн мэдээллийн сантай холбоогүй учир сангуудад зээлтэй хүмүүс дахиад банкнаас зээл аваад байна. Хэрэв Зээлийн мэдээллийн санд өртэй буюу зээлээ төлөөгүй хүн дахин зээл авах бололцоогүй байх ёстой. Тиймээс Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай холбоно.
Дараах сангууд шилэн болоод байна.
-
Хүүхдийн төлөө сан
-
Боловсролын зээлийн сан
-
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан
-
Хөдөө аж ахуйг дэмжих сан
-
Соёл, урлагийг дэмжих сан
-
Улсын авто замын сан
-
Нийгмийн халамжийн сан
-
Нийгмийн даатгалын сан
-
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Тусгайн сангийн мэдээллүүдээ ил болгохгүй байгаа албан тушаалтан, холбогдох албаныхныг шалгах болно гэдгийг энэ үеэр анхаарууллаа.