2023.05.08
Охидын өрөөнд камер суурилуулсан асуудлаар ЕБС-ийн дотуур байрын үйл ажиллагаанд шалгалт хийв
ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Болорзул, референт Б.Энхбаяр, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байрын үйл ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах үндсэн зорилготой бөгөөд хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн хэрэгжилтийн хүрээнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, цэвэр усаар хангагдах эрх, эмнэлгийн тусламж авах эрх, хүүхдийн хөгжих эрхийн хэрэгжилтийн хүрээнд сурч боловсрох эрх, хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн хүрээнд хувийн орон зайгаа хамгаалуулах эрх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, хяналтын камерын ашиглалт, хүртээмжийн байдал, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг шалгалаа.
Ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль нь охидын болон хөвгүүдийн тусдаа дотуур байртай бөгөөд нийт 150 хүүхдийн хүчин чадалтайгаас одоогоор 195 хүүхэд амьдарч байна.
Шалгалтын явцад дотуур байрын нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, 20 гаруй сурагч болон дотуур байрын багш нартай ярилцлага хийлээ.
Улмаар шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь залруулах чиглэлийг тус сургуулийн нийгмийн ажилтан болон дотоод хяналт хариуцсан багш, дотуур байрын багш нарт үүрэг чиглэл өгөв.