2023.04.28

Ж.Хунан: Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болов

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл болон бусад эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан гэдгийг хэлж, бүлэг тус бүрээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаар тоймлон дурдлаа.

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон. Гэвч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдэнд аюул, эрсдэл учрах тохиолдол гарсаар байгааг ХЭҮК-ын дарга Ж.Хунан тэмдэглэв.

Хүүхдийн эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулсан байна.

Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан, “Энэ удаагийн илтгэлд ЕБС-ын дотуур байр дахь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн. Дотуур байранд амьдрах эрх, хөгжих эрх, хамгаалуулах эрхийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг судалж гаргаж ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 79 дотуур байран хяналт хийсэн. Үүнээс анхаарал татаж буй асуудал нь дотуур байрны нөхцөл байдал. 2021-2022 оны хичээлийн жилд 548 дотуур байр ашиглагдсанаас 489 нь хэвийн, үлдсэн 59 нь стандартын бус байсан юм. Үндсэндээ 1950 онд ашиглалтад орж байсан дотуур байранд өдийг хүртэл хүүхдүүд амьдарч байна. 1990 оноос өмнө ашиглалтад орсон 320 дотуур байрыг ашиглаж байна. Хана туурга нь эвдэрсэн, суулт үүссэн, ус гоожсон, мөөгөнцөр үүссэн байдалтай байна. Эдгээрийг засах болон шинэчлэх шаардлагатай байна. Энэ байдлаас болоод хүүхдүүдийн хоол хүнсээр хангагдах эрх хөндөгдөж байгааг хэлэх нь зүйтэй. Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхийн хүрээнд цэвэр усаар хангагдах эрхийн суудал анхаарал татсан” гэв.

Халдашгүй чөлөөтэй байх эрх сэдвийн хүрээнд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулжээ.

Жилд дунджаар 65 мянган хүн гэмт хэрэгт холбогдон, шалгагддаг бөгөөд үүний 1.6 орчим хувийг баривчлан шалгадаг байна.

  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих эрсдэл үүсгэж байна.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангид 94 гэмт хэрэгт огт хорих ял оногдуулахгүй байхаар заасан ч мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Энэ зохицуулалтуудыг илүү нарийвчлан хуульчлах шаардлагатай гэж үзэж байна.
  • Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хугацаа тоолох журмыг нарийвчлан зохицуулаагүй нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна.

Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт, төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн байна.

  • Монгол Улсад 2022 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байгаа бөгөөд хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулжээ. 
  • Хэвлэлийн эрх чөлөө хэлбэрийн хувьд оршиж байгаа ч хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүй мөн чанарын хувьд бэхжээгүй байна

Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хууль тогтоомжийн өөрчлөлт, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хөнджээ.

Ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрх гэсэн таван асуудлын хүрээнд 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 ахмадыг хамруулсан судалгааг 2022 онд хийжээ.

  • Хүмүүс нас өндөр болохын хэрээр насжилттай холбоотой нэмэлт хэрэгцээ, бэрхшээлтэй тулгардаг. Төрөөс зорилтот бүлгийн ахмад настныг бүртгэлжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд тэдний хүсэл, ашиг сонирхлыг харгалзсан, бие даасан байдлыг дэмжсэн, олон төрлийн урт хугацааны дэмжлэг, туслалцаа, үзүүлэх шаардлага үүссэн байна. 
  • Ахмад настуудын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал анхаарал хандуулах, судалгааны үр дүнд тулгуурласан оновчтой арга хэмжээ авах, хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанд өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засах гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлэх, асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай.

Ахмад настнуудын 4 хүн тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдэв. 

  • Тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй гэж үзжээ. Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа аж. Иймд тэтгэврийн зөрүүг зөв аргачлалаар багасгах, арилгах, тэтгэврийн эрх шилжүүлэх тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг саналыг боловсруулжээ.
  • Мөн ахмад настнуудыг орон сууцжуулах асуудлыг ойрын жилүүдэд төрөөс бодлогоор дэмжиж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөрийг төр засгаас хэрэгжүүлж байсан ч цар тахлын улмаас зогсоод байгааг дурдсан.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр, 8.91 хувь буюу 29,680 ахмад настан 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Үүнээс үзэхэд бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь нь 500,000-600,000 төгрөгийн тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт сэдвийн хүрээнд хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдал, эрх зөрчигдөж буй хэлбэрүүд, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тусгасан гэлээ.

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20 дугаар зүйлд заасан ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийг ямар байгууллага хариуцан шийдвэрлэх буюу хэргийн харьяаллыг зохицуулаагүй, орхигдуулсан байна.

Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, эрэгтэй, эмэгтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох тэгш эрх, тэгш боломжийг хангаж буй байдал, нийтлэг зөрчил, түүнийг шийдвэрлэлтийг танилцуулсан. 

  • Дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын 2022 оны тайлан”-д Монгол Улс улс төрийн эрх мэдлийн оролцооны үзүүлэлтээр өмнөхөөсөө ухарсан буюу 113-т эрэмбэлэгджээ.
  • Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний хууль тогтоомжид тусгасан боловч хэт ерөнхий, нэр дэвшигчийн эрх, үүргийг тодорхойлсон шинжтэй бөгөөд хуулийг хэрэгжүүлэх механизм, хэрэгжилтийн уялдаа холбоо, хууль тогтоомжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар процессын нарийн зохицуулалтгүй байгаагаас хуулийн заалт хэрэгжих боломж хязгаарлагдмал байна гэж дүгнэжээ.
  • Улс төрийн сонгуульд нэр дэвшихэд эмэгтэйчүүд санхүүгийн шалгуурыг тэр бүр давж чаддаггүй, санхүүгийн дэмжлэг авахад намд хүчтэй нөлөөлж чаддаггүй, дэмжлэг ижил хэмжээтэй авсан ч, сонгуулийн бусад зардлыг санхүүжүүлэх хэмжээнд хандив, тусламж авч чаддаггүй, өөрсдийн хөрөнгө мөнгөгүй зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг гэв.