2023.04.29
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. /2023.03.29/
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд,
- Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд Баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Сэжигтнийг баривчлах ажиллагаа, Бүх насаар хорх ял, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ,
- Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд тайван хуран чуулах, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний, Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт,
- Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв, байдал, Хоригдлын хөдөлмөрлөх эрх,
- Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих эрхийн хэрэгжилт, мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал,
- Ахмад настны эрхийн хэрэгжилтийн асуудлын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилт,
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчдын эрхийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаарх санал,
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаарх санал зэрэг долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан.
Мөн энэ удаагийн илтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд томилогдсоноос хойших өнгөрсөн хоёр жилийн хугацааны хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор гишүүдийн гаргасан зөвлөмж, шаардлагын биелэлтийг оруулснаараа онцлогтой гэдгийг тус Комиссын дарга Ж.Хунан танилцуулав.