“Хуульчийн Про Боно” өдөрлөгийг зохион байгууллаа
2023.05.03

“Хуульчийн Про Боно” өдөрлөгийг зохион байгууллаа

Монголын Хуульчдын холбооноос 2019 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хуульчийн Про Боно” өдөрлөгийг ХЭҮК тасралтгүй хамтран зохион байгуулж, оролцсоор ирсэн уламжлалтай.

Энэхүү арга хэмжээнд ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинээр байгуулагдсан Хүний эрх хамгаалагч болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон Комиссын чиг үүргийг олон нийтэд танилцуулж, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авлаа.

Тодруулбал, Комиссоос дээрх арга хэмжээг угтаж улсын хэмжээнд нийт 1215 оролцогч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Нууцтай байх эрх” сэдэвт хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалтад хамруулсан юм.

Улмаар тус өдөрлөгийн үеэр ХЭҮК-оос нийслэл, орон нутгийн 160 иргэнд хүний эрхийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж, өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд Комиссоос эрхлэн гаргасан 700 гаруй ном, сэтгүүл, гарын авлага зэрэг хүний эрхийн бүтээлийг иргэдэд үнэ төлбөргүйгээр хүртээл болголоо.

Өдөрлөгийн нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан өөрийн эрх, үүргээ мэддэг, хэрхэн хамгаалж, хаана хандахаа мэддэг байх нь ардчилсан, иргэний нийгмийн нэг чухал үзүүлэлт юм гэдгийг онцлоод “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 онд тохиож байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын зүгээс улс орнуудад хүний суурь эрх, эрх чөлөөг эргэн санаж, сурталчлан таниулах, Засгийн газруудад эдгээр суурь эрх, эрх чөлөөг илүү сайн баталгаажуулах үүрэг, амлалт авахыг уриалсан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээ НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын санаачилгад нийцэж буйг онцлон хэлэх нь зүйтэй. Хүний эрхийн Үндэсний Комисс энэхүү арга хэмжээг цаг ямагт дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин оролцоно” гэлээ.