Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо өссөн
2023.04.27

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо өссөн

УИХ-ын 2023,04,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг танилцууллаа.

Илтгэлийн тавдугаар бүлэг буюу “Ахмад настны эрхийн хэрэгжилт” -д Ахмад настнуудын нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудал улс орнуудад гарсаар байгааг дурдлаа. Нөгөө талаар дэлхийн хүн ам бүхэлдээ насжих динамик хувьсал (хөдөлгөөн) эрчимжиж байгаа нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн томоохон сорилт болж байна

Комисс ахмад настны эрхийн хэрэгжилт, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор нийгмийн хамгаалал, ахмад настны хөдөлмөрлөх эрх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ахмад настны хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, ахмад настны хөгжих эрх гэсэн таван дэд хэсгийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 ахмадыг хамруулсан судалгааг 2022 онд хийжээ.

Монгол Улс өндөр насны тэтгэврийн насны доод хязгаарыг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага тогтоосон байдаг, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал нь олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн байдаг байна.

Хүмүүс нас өндөр болохын хэрээр насжилттай холбоотой нэмэлт хэрэгцээ, бэрхшээлтэй тулгардаг. Төрөөс зорилтот бүлгийн ахмад настныг бүртгэлжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд тэдний хүсэл, ашиг сонирхлыг харгалзсан, бие даасан байдлыг дэмжсэн, олон төрлийн урт хугацааны дэмжлэг, туслалцаа, үзүүлэх шаардлага үүссэн байна. 

Ахмад настуудын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал анхаарал хандуулах, судалгааны үр дүнд тулгуурласан оновчтой арга хэмжээ авах, хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанд өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засах гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлэх, асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай гэв. Түүнчлэн амьдарч буй гадаад орчны аюулгүй байдал, барилга байгууламжийн ээлтэй байдлын судалгаанд оролцогчдын 60 хувь сэтгэл ханамжгүй, дунд, муу гэж үнэлсэн байна. Гадаад орчны аюулгүй байдал, ахмад настанд ээлтэй орчин нөхцөл бүрдээгүйгээс ахмадууд халтирч унах, бэртэж гэмтэх, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг аж.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн долдугаар бүлэг буюу “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэсэгчилсэн буюу бүтэн үнэлгээ хийж Улсын Их Хуралд тайлагнах үүрэг хэрэгжүүлдэг. Энэхүү илтгэлд зөвхөн улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал ямар байгаа талаар дэд сэдвийн хүрээнд авч үзэж байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын 2022 оны тайлан”-д Монгол Улс улс төрийн эрх мэдлийн оролцооны үзүүлэлтээр өмнөхөөсөө ухарсан буюу 113-т эрэмбэлэгджээ.

Комисс НҮБХХ, КОЙКА ОУБ-ын дэмжлэгтэйгээр улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, жендэрийн ялгаварлан гадуурхалтын судалгаа хийсэн байна. Тус судалгаанд Архангай, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь зэрэг аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН, АН, ХҮН намын улс төрийн сонгуульт ажилтан, тэргүүлэгч, улс төрийн албан тушаалтны төлөөлөл хамрагдсан байна.

Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний хууль тогтоомжид тусгасан боловч хэт ерөнхий, нэр дэвшигчийн эрх, үүргийг тодорхойлсон шинжтэй бөгөөд хуулийг хэрэгжүүлэх механизм, хэрэгжилтийн уялдаа холбоо, хууль тогтоомжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар процессын нарийн зохицуулалтгүй байгаагаас хуулийн заалт хэрэгжих боломж хязгаарлагдмал байна гэж дүгнэжээ. Квотын асуудлыг тогтоогоод 12 жил болж байгаа бөгөөд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 23-24 хувь нь эмэгтэй, хууль тогтоох түвшинд 17 хувь нь эмэгтэй байгаа бол дүүргийн түвшинд 17 хувь, аймаг, нийслэл, сумдын түвшинд 29 хувь байдаг байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн ХЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn