Шүүхийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ёс зүйн чиглэлээр шинэ аргачлал боловсруулна
“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт Олон улсын бага хуралд боллоо. Бага хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцон нээлтийн үг хэлэв.
Түүнэээс гадна Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф, Европын холбооноос Монгол Улсад суугаа сайд Аксель Никайсе нар оролцогчдод үг хэлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхэд улс төрийн манлайлал үзүүлж, олон нийтийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл, шүүхийн шинэтгэлийн асуудалд онцгой анхаарч байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах парламентын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа гишүүний хувиар тус олон улсын бага хуралд оролцсон.
Канадын Олон Улсын Асуудлын Байгууллагын техникийн туслалцааны төсөл хэрэгжсэнээр чухал үр дүн гарна гэж итгэж байна. Энэ богино хугацааны төсөл нь Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үүднээс ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр шинэ аргачлал, бүтэц зохион байгуулалт боловсруулахад томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм.
Олон улсын бага хурлаас манай хууль, шүүхийн салбарынхан туршлага судалж, амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн сайн жишгийг нутагшуулна гэж итгэж байгаагаа тэрээр илэрхийллээ.
Энэхүү бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Канад Улс, Европын холбооны төлөөлөл, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүгчид, хуульч, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо.