2020.08.27

Ц.Даваасүрэн: Шүүхийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ.  Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

“Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагаа, Төсөв, үндсэн чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл Шүүхийн тухай хууль орж ирсэн. Шүүх, Эрүүгийн хууль зэрэг нь хүний хувь заяатай холбоотой байдаг учраас түргэвчилсэн байдлаар шийдэх бус намрын ээлжит чуулганаар, ажлын хэсэг байгуулаад хэлэлцэж батлах нь зүйтэй учраас би дэмжихгүй байна. Өргөн барьсаныг харахаар ХЗДХ-ийн сайд 8/25-ны өдөр өргөн барьсан. Засгийн газраас 8/25 гэж  хэлсэн байна. Хуулийг татаж авах ч боломж бий.

Танхим хооронд нь шүүгч нарыг шилжүүлэн шийдсэнээр буруу үр дүн гарч, хүний хувь заяанд нөлөөлж мэдэх учраас хойшлуулах нь зүйтэй. Би ийм саналтай байна.”