2020.08.27
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаалаа.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ.
Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, С.Амарсайхан, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, нар асуулт асууж саналаа хэллээ. Гишүүдийн олонхи буюу 62 хувь тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаалаа.