2020.08.27
С.Чинзориг: Шүүхийн тухай хуулиудаа Үндсэн хууль, шударга ёсонд нийцүүлэн иж бүрнээр нь батлах шаардлагатай
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
“Шүүхийн тухай хууль өмнө нь өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Тиймээс энэ хуулийн төслөө иж бүрнээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, шударга ёсыг тогтоох иргэдийн итгэлийг сэргээх чиглэлд багц хуулиа хэзээ явуулах вэ?
Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тухай ярьж байна. Эрүү иргэн захиргаа гээд ор нь гарсан шүүгч нар хэд байна вэ? зайлшгүй нөхөн томилох хэдэн шүүгчийн асуудал байга авэ? Ийм асуудал байгаа бол Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг бүрэн ажиллуулах шаардлагатай.
Танхим хооронд сэлгэн ажиллуулах асуудлыг Ерөнхий шүүгчид эрх олгох нь шүүгч шударга ажиллах, хэргийг үнэн шийдэх, аль нэг эрх ашигт нөлөөлөхгүй байх зарчим алдагдах болгоомжлол байна. Шүүгч эрүү иргэн захиргаа гээд мэргэшсэн байдлаар ажиллах нөхцөл боломжийг хангахгүй бол болохгүй гэсэн болгоомжлол байна.”
Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.