2020.08.27
Ж.Сүхбаатар: Түр заалт нь бүр заалт болоод үйлчилбэл сөрөг үр дагавар гарна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
“Би 7 жилийн өмнө улс төр, бизнес, хуулийн мафи байгаа тухай дугарч байсан хүн. 10 жилийн өмнөөс л энэ хүчтэй ажиллаж эхэлсэн. Одоо ч энэ байгаа учраас МАН сонгуульдаа орохдоо шударга ёсны тэмцэл дуусаагүй байна гэдгийг хэлсэн. Үүний нэг хэсэг бол шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэх асуудал юм. Шударга бусын хонгил ч гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Б.Энхбаяр нарын бид хэдэн гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүгч нарыг түдгэлзүүлдэг заалтыг хүчингүй болгох чиглэлд ажиллаад явж байгаа.
Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, хэрэг овоорох явдал байна. 2400 гаруй хэрэг байна гэж Х.Нямбаатар сайд хэлж байна. Иргэний хэргийн танхим 5 гишүүнтэй. 3 дутуу гэж байна. Цаашид Шүүхийн тухай багц хууль ороод ирэхээр цэгцлээд явна. Энэ заалт их удаан үргэлжлэхгүй гэж хэлж байна. Бид шударга бусын хонгилыг устгах тухай ярьж байхад шинэ хонгил угсрах вий гэсэн болгоомжлол байна. Энэ Засгийн газрын бодлого гэж би бодохгүй байна. Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдох үед би танхимдаа ганцаараа эсэргүүцэж байсан гишүүн. Одоо энэ Ганзориг гэж хүнийг оруулж ирэх гээд байгаа нь үнэртэйд байна. Дотроос нь захиргааны эрх мэдлийг нь нэмэж байгаа зүйл мөн. Бүрэлдэхүүн хүрэхгүй байна гэдэг шалтагаар захиргааны эрх мэдлийг нэмж байна хууль бус нөлөө үзүүлнэ. Улс төрийн болон эрх зүйн ч асуудал мөн байх. Засгийн газрын хуулийн төсөлд найддаг. Гэтэл түр бус бүр заалт болоод үйлчилвэл сөрөг үр дагавар гарна шүү.”
Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.