2023.02.28
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлагатай
МҮЭ-ийн холбоо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлсэн санал зэрэг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IV хурлаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.
Ерөнхий зөвлөлийн хурлаар нийгэм, эдийн засаг, цалин хөлс, нийгмийн даатгалын багц хуультай холбоотой асуудлаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн билээ.
Энэхүү шийдвэрийг танилцуулах тус хэвлэлийн хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хүргүүлж буй шаардлагыг танилцуулж, МҮЭ-ийн холбооны 2023 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаарх мэдээллийг хийв.Мөн үеэр Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн Холбооны дарга Ч.Нарантуяа Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд дэлхийн жишгээс 10 дахин бага цалин хөлс авч байгааг онцолж МЭМАҮЭ-ийн холбооны салбарын хэлэлцээрийн дагуу эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлах хүртэлх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв.МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Боловсролын салбарын багш ажилтнуудын цалин хөлсийг ялгаатай нэмэгдүүлсэн шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Тодруулбал Боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс 15 мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Иймд МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос тавьсан санал шаардлагыг биелүүлж ажиллахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай “Ковид-19 цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрийн долоон мянган ажилтан өвдөх үхэх эрхгүйгээр ажиллаж, иргэд хөдөлмөрчдийн тог цахилгааны мөнгийг төлсөн. Гэвч Нийгмийн даатгалын шимтгэлийн багц хуулийн төсөлд хөдөлмөрийн хүнд хортой газрын доорх халуун нөхцөлийг халах тухай заалт орсон байна. Робот ажиллуулж байж л хүнд нөхцөлийг халах боломжтой. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний хөдөлмөрийг хэвийн болгох боломж байхгүй” хэмээн хэллээ.
Монголын Ажилтан Албан Хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг “Соёл урлагийн салбарын ажилтнууд нийтлэг үйлчилгээний ажилтнуудын цалин 15 мянган төгрөгөөр нэмэгдэж байгааг эсэргүүцэж байна.
Соёл урлагийн салбарт нэг хүн гурван хүний ажлыг хийж байхад ажилтнуудын хөдөлмөрийг төр ийнхүү мөлжиж байгаа явдалд харамсаж байна. МААХҮЭХ, Соёлын яамтай хамтран ХНЗ-ийн хоёр талт хамтын хэлэлцээрийг үзэглэсэн. Хэлэлцээрийн хүрээнд бид сайдын багцад цалингийн асуудлыг тусгасан байгаа ч Хөдөлмөрийн хуулийн дагуу хүний хөдөлмөрийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэж байна” хэмээв.