Хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй
2023.01.25

Хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд "Кашмир Холдинг" ХХК-ны удирдлага, ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай мэдээллийг өгсөн ба зөвлөлдөх зөвлөлөөс авч буй санал асуулгад хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгж байгууллага ажилтнуудын тулгамдсан асуудлыг эрэмбэлж тусгах шаардлагатай байгаа талаар онцолсон юм.

"Кашмир Холдинг" ХХК-ны тэргүүн дэд захирал М.Баярбат ноос ноолуурын хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагыг төрөөс бодлогоор дэмжих, хууль эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хэт хомсдлыг бууруулах боловсон хүчинг бэлтгэх хөдөлмөрийн боловсрол олгох бодлогыг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг  хэлэв.

Харин "Ариг гал" ХК-ийн тэргүүн дэд захирал А.Төмөр-Очир аж ахуйн нэгж байгууллага болон ажилтанд татварын дарамт их байдаг. Нөгөө талдаа банкуудын зээл болон дотоод зах зээлийн хүртээмж хумигдмал байгааг онцолж, гадаад зах зээлийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Мөн МХҮАҮЭХ-ны дарга Э.Тамир тун удахгүй Хөнгөн үйлдвэрийн салбарын хэлэлцээр батлагдах гэж байгааг онцолж, өнгөрсөн хугацаанд хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудын нөхцөл байдлын судалгааны талаар танилцуулсан бөгөөд салбарын боловсон хүчний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Турк улсад боловсрол эзэмшүүлэх талаар ХНХ-ын сайдтай уулзаж хэлэлцсэн тухай хэлж, ямар мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаа тухай НД-ийн багц хуулийн хэлэлцүүлэгт саналаа ирүүлэхийг хүслээ.

Үргэлжлүүлэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, ажилтнуудтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж ажилтнуудын зүгээс эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулах ЭМД-аар дүүрэг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг байх зэрэг саналуудыг хэлж байсан юм.