Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Уг төсөлд:
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсээд байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцуулав.
Тэрбээр, Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлага хангах боломжгүй болоод байгаа асуудал практикт үүсээд байна. Нөгөөтэйгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байна.