Хөнгөн үйлдвэрийн салбар боловсон хүчний дутагдалд оржээ
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөнгөн Үйлдвэрийн Ажилтны ҮЭ-ийн Холбооны дарга Э.Тамир нар хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, ажилтнуудтай уулзлаа.
Энэ хүрээнд Ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбооны Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хивс ХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж байгаа асуудлуудын талаар сонссон юм.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, ҮЭ-ийн анхан шатны хороодын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь салбарын түвшинд түлгамдаж буй асуудлыг судалж МҮЭ-ийн холбооноос баримталж буй бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой хэмээгээд "Зөвлөлдөх зөвлөл"-д хүргүүлэх саналын эрэмбэ, хөнгөн үйлдвэрийн салбарын ажил олгогч болон ажилтнуудын тулгамдаж байгаа асуудалд бодлогын зохицуулалт хийх саналыг хүргүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.
Энэ үеэр "Улаанбаатар хивс" ХК-ийн ТУЗ-ын дарга Ц.Зоригт ноос ноолуурын салбарын хөнгөн үйлдвэрлэлийн салбар боловсон хүчний маш их дутагдалд орсон тухай хэлж, үүнийг дагаж үйлдвэрийн ашигт ажиллагаа бага болж байгааг онцоллоо.
Тодруулбал тус компанийн нийт ажилтнуудын 39 хувь нь тэтгэвэрт гарсан хүн ажиллаж байгаа ба ажилтнуудын дундаж нас 47 байгаа нь үйлдвэрийн хүний нөөц тогтвортой үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээв.
Мөн тэрээр гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах шаардлага тулгараад байгаа тул энэ асуудлыг МҮЭ-ийн холбоо анхааралдаа авч ажиллахыг хүслээ.
Түүнчлэн боловсон хүчний дутагдлын асуудлыг шийдвэрлэх хүрээнд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, төрөөс МСҮТ, ноос ноолуурын мэргэжлийн холбоодтой хамтран бэлтгэдэг болох бодлогын зохицуулалт хийх, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын тэтгэмж олгодог болгох зэрэг саналыг хэлж байсан юм.
Монголын Хөнгөн Үйлдвэрийн Ажилтны ҮЭ-ийн Холбооны дарга Э.Тамир хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээлэл өгөв. Тэрээр өнгөрсөн хугацаанд ноос ноолуурын салбарын хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний нөхцөл байдлын судалгааг хийсэн, мэргэжлийн холбоодтой хамтран 2023 оны Монгол Улсын төсөвт санал хүргүүлсэн.