Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.18/ хуралдаанаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт шийдвэр гаргах эрх бүхий этгээд Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтоохоор, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын 2-т уг уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар тус тус заасныг үндэслэн “Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулжээ.
Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журамд Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх уулзалтыг товлосон өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаарх мэдээллийг нийтэд мэдээлэхээр, хэвлэл, мэдээллийн байгууллага төлөөллөө оролцуулах хүсэлтээ зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст бичгээр болон цахимаар ирүүлэхээр, Зөвлөлдөх уулзалтад хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч, илтгэгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулах асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн саналыг тусгаж, Улсын Их Хурлын Тамгын газар шийдвэрлэхээр тусгажээ.
Мөн Зөвлөлдөх санал асуулгын сэдвүүдээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газраас томилсон ажлын хэсэг бэлтгэж, уулзалтад оролцох зааварчилгааны хамт зөвлөлдөх уулзалтын өмнө оролцогчдод тарааж өгөхөөр тусгасан байна.
Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь шатанд оролцох иргэдийг нэг дэх шатанд оролцсон иргэдээс Үндэсний Статистикийн Хороо санамсаргүй түүврийн аргаар сонгож, 15-аас дээшгүй хүнтэй хэсгүүдэд хуваарилахаар төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр, сэдэв тус бүрээр явуулах бөгөөд нэгдсэн хэлэлцүүлэгт тухайн сэдвийг сонгосон шалтгаан, үндэслэлийн талаар танилцуулж, түүний дараа хэсгийн хэлэлцүүлгийг явуулах ба хэсгүүд хэлэлцүүлгээсээ сэдвийн хүрээнд тодруулах шаардлагатай нэг асуулт бэлтгэж, нэгдсэн хэлэлцуүлэгт оролцогч хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээчээс хариулт авах аж.
Дээрх хэлэлцүүлгүүдийн дараа Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд авсан санал асуулгын хуудсаар иргэдийн саналыг дахин авах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст тухай бүр байршуулж, олон нийтийг мэдээллээр шуурхай хангахаар төсөлд тусгасан байна.
Журмын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд нар Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд иргэдийг хэрхэн оролцуулах, энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодруулаад, Зөвлөлдөх санал асуулгаас ямар шийдвэр гарах, түүнийг нь УИХ хэлэлцэх эсэх, гарсан шийдвэр хэр эрх зүйн чадамжтай байхыг лавласан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулах ёстой.
Эхний үе шатанд Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлалын дагуу 1570 хүнийг тохиолдлын түүврийн аргаар сонгож, мэдээлэлгүйгээр бэлтгэгдсэн санал асуултаар мэдээлэл авна. Дараа нь мэдээлэл авсан 1570 хүнээсээ өөрсдийнх саналыг үндэслэж, бас санамсаргүй түүврийн аргаар 50 хүртэл хувийг нь сонгоод Улаанбаатар хотод урьж мэдээлэл өгөн, санал асуулгын хуудсаар санал авч Үндэсний статистикийн хороо нэгдсэн тайлан гаргана.
Тэр тайланг үндэслэж Зөвлөлдөх зөвлөл УИХ-д зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжийг хуульд заасан зохицуулалтын дагуу УИХ бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэх бололцоотой гэж ойлгож байгаа гэсэн хариулт өглөө.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцан, санал өглөө
Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцах, санал авах асуудлыг хэлэлцэв.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар тус зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуултын талаар танилцуулсан.
Тэрбээр, УИХ-ын 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоолд заасны дагуу “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалтыг 01 дүгээр сарын 4, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд 700 орчим хүн оролцсон. Зөвлөлдөх зөвлөл 01 дүгээр сарын зургааны өдөр албан ёсоор байгуулагдсанаас хойш хоёр удаагийн өргөн хүрээтэй зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналууд, хуульд заасны дагуу иргэний нийгмийн байгууллагуудаас нээлттэйгээр цахим хуудсаар авсан саналууддаа анализ хийсний үндсэн дээр Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсрууллаа. Эрдэм шинжилгээ хурлаар дөрвөн үндсэн сэдвээр ярилцаж, 231 санал гарч 40 гол асуудлыг хөндсөн. 600 гаруй төлөөлөл оролцсон чуулга уулзалтын үеэр 358 санал гарч, 31 асуудал багц асуудал хөндсөн. Цахимаар 130-аад иргэн, байгууллагуудаас 500 шахам санал ирсэн байгаа. Эдгээр бүх саналыг шүүж үзээд, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаараа таван багц асуудлыг санал асуулгад тусгая гэж шийдвэрлэн, таван багц 60 орчим асуултыг боловсрууллаа. Социологи, статитикийн шинжлэх ухааны аргачлалаар иргэдэд ойлгомжтой, хоёрдмол утгагүй асуултуудыг тавих ёстой гэж үзэн асуултуудыг боловсруулсан. Тайлан дээр үндэслэн зөвлөмж гарах учраас бид асуултуудаа дэлгэрэнгүй, хялбаршуулсан агуулгатай хийхийг хичээсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс асуултууд санал асуулгад оролцогчдыг хөтөлсөн, чиглүүлсэн маягтай байгааг анхаарах нь зүйтэй гээд асуултыг цөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд богино хугацаанд ажиллахдаа олон санал, асуудлуудтай тулгарсныг ойлгож байна гээд асуултаа боловсруулахдаа гол асуудалд төвлөрч, дэд ажлын хэсгүүдтэй нягт хамтарч ажиллахыг хүссэн. Эцэст нь Байнгын хорооны дарга Зөвлөлдөх зөвлөлд асуултаа боловсруулахдаа анхаарах асуудлын талаар чиглэл өгснөөр хэлэлцүүлэг өндөрлөв.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс 37, УИХ дахь АН-ын бүлгээс 31, Монгол Улсын Засгийн газраас 66, таван Байнгын хорооноос 21, нийтдээ 155 саналыг ирүүлжээ. УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан нийт 56 төслийг тогтоолын төсөлд тусгасанаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр оруулжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо