2023.01.12

Ж.Батжаргал: Нүүрс тээвэрлэлтийн үр өгөөж, өртгийн асуудал, хувьцааны ногдол ашгийн талаар ихэд анхаарах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Батжаргал:

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт ил тод байдал түүнд тавих хяналт үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үүргийг Засгийн газарт өгөх ёстой. Мэдээж эрх зүйн шинэтгэл хийнэ. Хяналтын ерөнхий сонсгол явсантай холбогдуулж, үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зөрчлийг арилгах, тодорхой арга хэмжээнүүдийг авч, хуулиудад тодорхой өөрчлөлт орно. Тэр болтол бүх үйл ажиллагаануудыг нээлттэй, ил тод хяналттай, тэр хэмжээгээрээ Монгол улсад хүртэх ёстой , иргэдэд үр өгөөж нь нэмэгдэх нөхцлийг хангасан байх энэ үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой гэж ойлгож байна.

Хэрвээ үр ашгийг дээшлүүлнэ, нэмэгдүүлнэ гэж үзэж буй бол өөрийн өртгийг хямдруулах асуудал гарч ирнэ. Нэг тонн нүүрсийг ямар өртөг, зардлаар гаргаж ирдэг вэ. Гарсан зардлыг цаашид яаж бууруулж, үр ашгийг дээшлүүлэх бололцоо байгаа вэ. Үүнтэй уялдаж дотоод худалдан авалтууд, бараа материалын нийлүүлэлт, хангалт, удирдлагын зардал гээд олон зүйлийг ярих ёстой. Тиймээс нүүрсний салбарын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал дотор өөрийн өртгийг хямдруулах чиглэлээр маш том судалгаа хийж, холбогдох зүй зохистой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр үр дүн бий болно. Үүнийг тогтоолын төсөлд тусгах бололцоо бий юу?

1072 хувьцааны үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбоотой болон өнгөрсөн он жилүүдийн ногдол ашгийн хуваарилалтын асуудлыг нэлээн судалж, үүний дагуу тодорхой арга хэмжээг болж өгвөл сар шинээс өмнө хийх хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.