2023.01.12

Б.Баттөмөр: 2020 оноос хойших 3 жилийн ногдол ашгийг Монголын ард түмэнд өгөх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Нүүрсний хулгайн асуудал бол Монголын түүхэнд бичигдэх хамгийн том хулгайнуудын нэг шүү. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд өмч, хувьчлал гэж Монголын ард түмний эсрэг хийсэн маш том гэмт хэрэг байсан. Үүний дараа ашигт малтмалын лиценз тойрсон хулгай. Эрдэнэс Тавантолгойг тойрсон хулгай.

86 тонн сая нүүрс борлуулж, 12.6 их наяд төгрөг олж, 7.5 их наяд төгрөгөөр худалдан авалт хийчихсэн. Нүүрсээ аман дээрээс нь 60 доллараар худалддаг. Ганц мод дээр очихоороо 240 доллар болдог. Дунд нь хулгайчдын карманд 180 доллар ордог. Ийм л юм байгаа шүү дээ. Үүнийг эрх мэдэлтэй хүмүүс л хийнэ. Оффтэйк гэрээ гэж тооцохоор 19 их наяд төгрөг. Энэ жилийн Монгол улсын төсвийн орлого чинь 19 их наяд төгрөг шүү дээ. Монгол улсын төсвийн орлоготой тэнцэх хэмжээний гэрээ хийчихсэн байна.  

2020, 2021, 2022  онд хувьцааны ашиг өгөөгүй. Энийг Монголын ард түмэнд өгөх ёстой. Төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэчихсэн. Үүнийг хэлэхээр хулгайчдын троллууд янз бүрээр дайрч байна л даа. Шударга зүйл ярьж буй хүмүүсийг Монголын ард түмэн дэмжиж байгаа. Үүнээс айж ичих зүйл ерөөсөө байхгүй. Хулгайч нартаа хатуу тэмцэнэ. Эрх мэдэлтэй хүмүүсээ шалгаж, оффтэйк гэрээнүүдээ цуцлах хэрэгтэй. Монгол улсад ашиггүй зүйл хийчихсэн. Хүн амын 42.5% ядуурчихсан байна. Ажил, ажлын байр байхгүй. Гэтэл хаа хол төмөр зам барина гээд эцэст нь буруутай хүн олддоггүй.

Тодорхой хувийг эзэмшүүлэх хэрэгтэй, нэгдүгээрт. Хоёрдугаарт 2020 оноос хойших 3 жилийн ногдол ашгаа Монголын ард түмэнд өгөх ёстой. Баялагийн эзэд авах ёстой зүйлээ авах нь зөв. Хөгжлийн банктай холбоотой 40 гаруй чанаргүй зээлийн талаар 8 сар шалгаж байна. Энэ хулгайг уг эрчээр шалгавал 3-4 жил болно. Тиймээс эдийн засагч, санхүүгийн ажилтнууд, уул уурхайн мэргэжлийн улсуудын туслалцааг үзүүлж богино хугацаанд шалгаж, дуусах ёстой.