Агаарын бохирдолтой тэмцэх мэдлэг, туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа
2022.12.01

Агаарын бохирдолтой тэмцэх мэдлэг, туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн нийгмийн комиссийн Байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн агаарын чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь сэдэвт арга хэмжээнд панелистаар оролцож байна.

Энэхүү арга хэмжээнд оролцсоны үр дүнд Агаарын бохирдолтой тэмцэх Ази, Номхон далайн түншлэлийн өндөр хэмжээний уулзалтыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулж, агаарын бохирдолтой тэмцэх гарц шийдэл, сайн туршлагыг солилцож, шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

Бүс нутгийн улс үндэстний эдийн засгийн хурдацтай өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад шинжлэх ухаанд суурилсан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого, үйл ажиллагааг дэмжиж, агаарын чанарыг сайжруулах менежментийг боловсронгуй болгох, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн олон улсын сайн туршлага мэдлэгийг харилцан хуваалцах нь үр дүнтэй гэдгийг талууд онцлон тэмдэглээд, агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр нь манай бүс нутгийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулахын тулд илүү бат бэх түншлэл, илүү уялдаатай арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгов.

Иймд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод уулзацгааж, агаарын бохирдолтой тэмцэх мэдлэг, туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Манай улсын хэмжээнд агаарын чанарыг хянах 42 суурин станц ажиллаж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, РМ 10 тоосонцорын агууламжийг тодорхойлж агаарын чанарын хяналт шинжилгээг тогтмол хийж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn