Даян дэлхийн байгаль орчны сангаас Монгол Улсад 10 сая ам.доллар зарцуулна
2022.10.24

Даян дэлхийн байгаль орчны сангаас Монгол Улсад 10 сая ам.доллар зарцуулна

2022-2026 онд Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтол дээр Даян дэлхийн байгаль орчны сангаас Монгол Улсад 10 сая ам.доллар зарцуулахаар боллоо.

Хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэх хэлэлцүүлэг эхэллээ.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, биологийн олон янз байдал, газрын доройтол, хог хаягдал, ногоон барилга байгууламж, ногоон хөгжилд ээлтэй хотыг бий болгох зэрэг тогтвортой хөгжлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий олон саналыг нээлттэйгээр хэлэлцэж байна.

1992 онд байгуулагдсан Даян Дэлхийн Байгаль Орчны Санд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, улмаар тус сангийн 4-р циклээс эхлэн байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байсан түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн цикл 4-өөс эхлэн цикл 7 хүртэл нийт 34 төслийг Монгол Улсын хувьд итгэмжлэл авсан 9 олон улсын байгууллагаар дамжуулан 47,1 сая ам. долларын санхүүжилтийг авсан байна. Мөн Монгол Улсыг хамруулан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 422,8 сая ам. долларын 34 төслийг хэрэгжүүлж байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

Эдгээр бүхий л үйл ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн орсон 5 гол конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж, дэмжин тусалж байв.

Үүнд, тухайлбал, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенци, Цөлжилтийн эсрэг НҮБ-ын суурь конвенц, Мөнгөн усны тухай Минаматагийн проткол зэрэг болно.

2022-2026 оны хооронд Монгол Улс нь Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, газрын доройтол асуудалд анхаарлаа хандуулж төслүүдийг хэрэгжүүлнэ. Дэлхий даяар хуурайшилт, ган гачиг их байгаа нь газрын доройтлыг үүсгэж байгааг олон улсын байгууллагууд онцолж байна