Улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцно
УИХ-ын чуулгганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.
Хууль санаачлагч танилцуулахдаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын нэг болох Гадаадын иргэн, харьяатын газрыг төрийн тусгай албанд хамааруулах, тус байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамааруулах зорилгоор хуулийн төслийн тандан судалгааны дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалыг үндэслэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу “Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа” гэснийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгасан гэлээ.Хуулийн төсөлд зөвхөн тус зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан ба дараах асуудлыг тусгажээ.
Үүнд,
- Гадаадын иргэний албан хаагч гэдэгт Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн ажилтан, жолооч хамаарах.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах. Мөн Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоох.
- Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгажээ. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус цолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгох, харин бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор тусгасан байна.
Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох. Хоёрдугаар зүйлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг Хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан.