2022.08.04

Хүн ам олноор суурьшсан сумдууд орон нутгийн статустай хот болно

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, 2020 онд УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар хотын төвлөрлийг сааруулж, орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлоготой болно гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалтыг тодорхой болгох, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад хуулийн зорилго оршиж байгаа аж.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан байна.

1993 онд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд хотын зэрэглэл, статусын хувьд 500-15000 оршин суугчтай бол тосгон 15000-аас доошгүй оршин суугчтай бол улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, 50000-аас дээш оршин суугчтай хотод Улсын зэрэглэл тогтоож болохоор зохицуулж өгсөн.

Ингэснээр Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох юм. Түүнчлэн энэ хуулиар Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс зэрэг хүн ам олноор суурьшсан сумдыг орон нутгийн статустай хот болох, Цагаан хадны суурьшлын бүс тосгон болж цаашид хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн гишүүдээр Н.Наранбаатар, Г.Дамдинням нарын нэр бүхий гишүүд ажиллаж байна. Иргэдийн хувьд “D-Parliament” аппликейшн ашиглан гар утаснаасаа хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой.