2022.05.16

Бүрдийн уулзалт асуулт санал олонтой боллоо

УИХ-ын гишүүн С.Чинзориг,  Г.Ганболдын хамт тойргийнхоо Бүрд суманд ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, УИХ-аас баталсан хууль тогтоомж, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулахын хамт сум орон нутгийн ажил төрөл, ард олны аж амьдрал, төсөвт байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Сүүлийн хэдэн жил дараалан зуншлага оройтсоноос отор нүүдлийн хөлд өвөл хаврыг хүндхэн давсан бүрдчүүд өнгөрсөн өвөл нутагтаа өвөлжиж, мал сүрэг нь тарга тэвээрэг сайтай тавтай сайхан хаваржсан. Өвөл цас чамлахаагүй орсон ч хавар чийг бага унаснаас зуны эхэн сар гарсан ч одоо л ногоо гарч, зун эхлэх маягтай байна хэмээн малчид ярьж байна. Бүрдийнхэн хэдийд ч ирсэн уулзалтад минь идэвхтэй оролцдог. УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ч мэдээлэл сайтай байдаг улс.

Энэ удаа олон улсад өрнөж буй үйл явдал, дайны нөхцөл байдал болон цар тахлын алсарч холдоогүй гамшгийн улмаас эдийн засаг сайнгүй, төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаатай холбоотойгоор УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль болон олон нийтийн дунд чамгүй дуулиан болсон Хөгжлийн банктай холбоотой асуудал, түүнчлэн намрын чуулганаар баталсан Шүүхийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, Хоршооны тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг хэд хэдэн хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Иргэдээс хууль тогтоомжийн шинэчлэл, эдийн засгийн байдал, хямралыг хохирол багатай давах төрийн бодлого, тэтгэврийн зөрүү арилгах боломж, тэтгэврийн нас, ноолуурын ханш, арьс ширний урамшуулал, бэлчээрийн доройтол, эмийн үнэ, төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай холбоотой олон асуулт ирсэн. Зөвхөн асуугаад зогсохгүй манай бүрдчүүд төрд хүргэх, төрийн бодлогод тусгах үнэтэй саналууд ч цөөнгүй хэлсэн.
Сумаас ирэх долоо хоногт Малчдын зөвлөгөөн зохион байгуулж, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах аяны нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.