Мазарын түүхийг бичсэн А.Донид аварга
Төгрөг сумын Мазар баг Өвөрхангай аймгийн газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Мазарын гэсэн тодорхойлолттой газар тариалангийн брэнд ч цөөнгүй. Ялангуяа Мазарын төмс амтаараа гайхагддаг.
Энэ бүгдийг эхлүүлсэн буюу Мазарын түүхийг бичиж эхлүүлсэн анхдагчдын нэг Аюушийн Донид бар жилийн босгон дээр “Улсын аварга тариаланч”-аар тодорсон. Аваргын шагналыг энэ сарын 23-нд гардууллаа.
А.Донид газар тариалангийн салбарт 40 гаруй жилийнхээ хөдөлмөрийг зориулж яваа. 1980 онд ангиараа илгээлт өвөрлөн Мазарт ирсэн залуусын нэг бөгөөд 1986 онд Орост курст сурч усалгааны мэргэжилтэй болж ирээд усалгаатай тариаланг хөгжүүлэх анхны шанг татсаны ачаар өдгөө Мазарт төмс, улаан лооль, тарвас, лууван, байцаа гээд 13 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байна.
Мазарт химийн бордоо огт хэрэглэдэггүй учраас бүх бүтээгдэхүүн нь эко. Тэд зүгээр ч нэг тариалаад орхидоггүй, боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байгаа.
Тэрбээр газар тариалангийн үйлдвэрлэлээс гадна төрийн захиргааны анхан шатны нэгж багийн Засаг даргаар 25 жил ажилласан. Багийн даргаар ажиллаж байхдаа Мазараас “Улсын аварга тариаланч”, “Улсын аварга тариаланч хамт олон” олныг төрүүлж байсан тэрбээр газар шүтэж амьдарсан 40 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Улсын аварга тариаланч” боллоо.