2022.03.04

Багш, эмч нар цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна

Хайрхандулаан сум Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдсанаар өнгөрсөн онд улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан цэвэр усны 5253 м, бохирын 3060 м, дулааны 780 м шугам, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50 шоо метр бохир ус шүүх цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээж авсан.

Ингэснээр сумын төвд Соёлын төвөөс бусад төрийн үйлчилгээний бүх байгууллага цэвэр, бохирын шугамд холбогдож тохитой орчинд ажиллаж амьдрах боломж бүрджээ. Соёлын төвийг ч удахгүй холбоно гэж байна. Дэд бүтцийн томоохон асуудлаа шийдүүлсэн хайрхандулаанчууд өнгөрсөн жил Засаг даргын Тамгын газрын шинэ барилгатай болсон.

Хувийн орон сууцны хороололтой болж байгаа. Сумын цэцэрлэг, ЭМТ-ийн өргөтгөл барих санхүүжилтийг энэ оны улсын төсөвт суулгасан тул бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ.
Төрийн байгууллагад ажиллагсад боловсон хүчний нөөц хомсдолтой байгааг хэлж, багш эмч нар цалин нэмэгдэнэ гэсэн том хүлээлттэй байгаагаа ярьсан.

Багш нар 1-р сарын 1-нээс цалин нэмнэ гэсэн тул урьдчилаад зээл авчихсан чинь өнөөг хүртэл нэмэгдсэн цалингаа авч чадаагүй байгааг салбарын сайдад маань уламжлаад өгөөрэй гэж байлаа. Энэ тухай бусад сумдад ч олонтаа яригдсан.

БАГ БҮРТ МАЛ УГААЛГЫН ВАННТАЙ БОЛНО

УИХ-ын гишүүн С.Чинзориг Зүүнбаян-Улаан суманд 2-р сарын 27-нд ажиллалаа.Тус сум 2021 оны мал тооллогоор 205 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил зуншлага сайн, намар мал тарга хүч сайн авсан тул өвлийг зутралгүй давж хавартай золгосон ч шүлхий өвчний халдвар Уянга сумтай зэргэлдээ нутагладаг айлуудын малд илэрч багагүй хүндрэл учруулаад байгааг сумын удирдлага, төсөвт байгууллагын дарга нартай уулзахад ярьж байлаа.

Сургуулийн барилга 1975 онд баригдсан. 2018 онд дээвэр, гадна засвар хийсэн ч дээврээс дусаал гоождог, хичээлийн байр, дотуур байрны сантехник муудсан, их засвар хийх шаардлагатай. Цэцэрлэгийн барилга хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй, гал тогоо нь байнга цан цохидгоос дээвэр нурах эрсдэлтэй болсон.

Эмнэлгийн барилгын агааржуулалтын системийг сайжруулах, Цагдаагийн хэсгийн байранд 2015 оноос хойш огт засвар хийгдээгүй гэхчилэн төсвийн байгууллагуудын засвар үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлууд их байгааг аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх шаардлага байна.

Иргэдийн хувьд Зүүнбаян-Улааныг Засгийн газрын “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамруулах боломжтой эсэх, төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэх, залуусыг орон нутагт ажиллуулах хамгийн том хөшүүрэг орон сууцны асуудлыг шийдэх, шүлхий ороод ирснийг газар авахуулалгүй дарахын тулд вакцинаар яаралтай хангах, төрийн үйлчилгээнийхнийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай асуудал байж болохгүй зэрэг олон сэдвээр асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн.

undefined

Мөн өөр сумдад тэр бүр яригдаагүй багийн иргэдийн хөгжилд чиглэсэн бодлого хэрэгтэй байгаа, багийн даргын цалин бага, сард 11 л шатахууны нормтой нь хаанаа ч хүрдэггүйг анхаарч үзээрэй гэсэн захиасыг хэлж байлаа. Тус сум энэ жил малын хөлийн татвараас бүрдсэн хөрөнгөөр худаг гаргах, баг бүрийг мал угаалгын ваннтай болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. 330 га-д малын тэжээл тариалсан, 71 малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа газарт ногоон тэжээл тариалжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn