2022.03.02

Иргэд тэтгэврийн зөрүү арилах биш улам илүү болсныг шүүмжилж байв

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байгаа билээ. Говийн сумдаас Баруунбаян-Улаанд хойгуураа цас нэлээд сайн орсон болохоор мал эрт ногоо идэх байх хэмээн уулзалтанд ирсэн малчид ам сайтай байна.

Баруунбаян-Улаанчууд УИХ-аар баталсан хууль тогтоомж, тэр дундаа Хөдөлмөрийн тухай, Хоршооны тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг илүүтэй сонирхож, шүүгчийн ёс зүй, төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалтай холбоотой асуултыг түлхүү асууж байв.

Манай баруунбаян-улаанчууд эрчүүд эмэгтэйчүүдээс даруй 9 жилээр богино насалж буй нь тэдний нийгмийн хамгаалал, эрүүл мэндэд төр засаг анхаарал тавих цаг болсныг хэлж, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт гэж тунхаглаад халамжийг хасч танаж байна гэх ч эцэстээ хөдөлмөр ч үгүй халамж ч үгүй болох вий хэмээн болгоомжилж буйгаа, түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгана гэж ярьдаг хэрнээ доод тэтгэврийг 500 мянгад хүргэж бусдыг нь 15 хувиар нэмэхдээ зөрүүг улам их болголоо хэмээн хатуухан шүүмжлэлийг ч дуулгаж байлаа. Ялангуяа багш, эмч нар 30 гаруй жил ажиллаж 700 гаруй мянган төгрөгөөс тогтоолгосон тэтгэвэр нь дорвитой нэмэгдээгүй харин ч хамгийн багаар шимтгэл төлж бага тэтгэвэр авч байсан хүмүүсийнхтэй адил болсонд бухимдаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн доод тэтгэврийн хэмжээ нэмэгдсэнээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсч буй тул бага цалинтай төрийн албан хаагчид, сайн дураар төлдөг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөд хүндрэл учирч буйг ч ярьж байлаа.

Тэд зөвхөн нийгмийн асуудлаар яриад байсан юм биш. Улс орон, аймаг сумын хөгжилтэй холбоотой үнэтэй санал олныг хэлсэн бөгөөд сумын төсвийн байгууллагын удирдлагуудтай уулзахад ярьж байсан суманд хийх бүтээн байгуулалт, барилга байшингийн засвар, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар ч санал хүсэлт хэлсэн.

undefined

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn