2022.05.11

Эрдэнэсийн эрх зүйн байдал сайжирна

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр анх баталж, Монгол Улсын үндэсний хөрөнгө, баялагийн дээж, давтагдашгүй үнэт зүйл болж, ирээдүйд үнэ цэнэ өсөн нэмэгдэх хуримтлал болох Эрдэнэсийн сангийн эрх зүйн байдал, өмчлөл, эзэмшлийн эрхийг хуулиар тусгайлан тогтоон баталгаажуулсан байдаг. 

Харин тус хуулийг анх баталснаас хойш 30 орчим жилийн хугацаанд гүйлгээний сангийн зориулалт, Эрдэнэсийн сангийн бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийг эс тооцвол зарчмын томоохон өөрчлөлт ороогүй юм. Энэ хугацаанд шинэчлэгдсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа түүх соёлын дурсгалт зүйлийг “Эрдэнэс”-т тооцоогүй, үнэт чулууг хэрхэн тодорхойлох нэгдсэн зохицуулалт байхгүй, сан дахь хөрөнгийн зарцуулалт, хөдөлгөөнийг бүрэн зохицуулаагүй, эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой хөрөнгийн тайлан бүртгэл, хамгаалалтын талаар бүрэн тусгагдаагүй, зохицуулалт хуучирсан зэрэг асуудлууд  байсан.

Иймд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж  2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан юм.

Хуулийн төсөл нь Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Тус хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Энэ хуулийн 5.1.3-т заасан Үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт метал, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гэж байна. Тэгэхээр худалдан авалт хийх бүртээ тус тусад нь оруулж ирж, их хурлаар шийдүүлэх үү.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Монгол Улсын эрдэнэсийн тухай юу эсвэл Монголын төрийн эрдэнэсийн сангийн тухай юу гэдэг нь тодорхойгүй байна.

Хуулийн төсөлд:

Эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг чухал  зохицуулалт тусгагдсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Алт цэвэршүүлэх үйлдвэрээ улс шийдээд, баталгаажуулах ажлын улс хийх хэрэгтэй. Алт бол оочир дараалал үүсэхээр ачаалалтай зүйл биш.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монголбанкны бүрэн эрх дээр 7.1.4-т Эрдэнэсийн сангийн үнийг тогтоох гэж тусгажээ. Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө үнэ тогтоох нь зөв үү? 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар эрдэнэсийн эрх зүйн байдал сайжирч,эрдэнэсийн сангийн шалгуур хангасан зүйлийг Монголбанк Улсын Их Хурлаас баталсан төсвийн хүрээнд худалдан авч санг арвижуулах, эрдэнэсийн сангийн нэгдсэн бүртгэлт сайжирч, эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагаа боловсронгуй болж, үнэт металлын сорьцтой холбоотой үүсч болох санхүүгийн болон хууль зүйн хариуцлагыг төр хариуцах эрсдэл буурах аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn