Ц.Мөнхцэцэг: Барилга байшинд бус багшийн хөгжилд хөрөнгө зориулах нь зөв
2022.04.28

Ц.Мөнхцэцэг: Барилга байшинд бус багшийн хөгжилд хөрөнгө зориулах нь зөв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсээс зохион байгуулсан “СУДЛААЧ БАГШ” эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр буюу 2022 оны 4 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал Боловсролын тухай багц хуулийн шинэчлэл хийгдэж буй цаг үетэй давхцаж буйгаараа ихээхэн ач холбогдолтой байлаа. Тэр ч утгаараа багш судлаачид, эцэг эхчүүд, боловсролын экспертүүдийн санал дүгнэлт болон “Судлаач багш эрдэм шинжилгээний бага хурал”-ын илтгэлүүдийн дүгнэлтүүд болон шинэ санаануудыг хуулийн төсөлд тусган ажиллахаа уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ онцолж байлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр шатанд 28 илтгэл ирснээс 2 дугаар шатанд 11 илтгэл шалгарч хэлэлцүүллээ. Шалгарсан илтгэлүүдээс дүгнэхэд, боловсролын салбарт урьд өмнө төдийлөн хөндөгдөж байгаагүй шинэлэг сэдвүүд тухайлбал, “Цар тахлын дараах хүүхдүүдийн нийгэмшлийн нөхөн сэргээх асуудал”, “ЭЕШ-ын шалгуур”, “Сурах бичгийн онол, арга зүй” гэхчилэн багш нар сургалтын үйл ажиллагааг сайжруулах, монголын боловсролын систем дэх тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрэл хайгуул хийсэн бүтээлч сэдвүүдийг сонгон авсан даацтай судалгааны ажлууд байсан нь энэхүү эрдэм шинжилгээний чанар чансааг бүрэн харууллаа.

“Судлаач багш” эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрыг “Сурах бичгийн сэдвэрийн агуулгын боловсруулалт хийж туршсан” сэдвээр Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Урлал техникийн багш Б.Түмэндэмбэрэл, дэд байрыг “Логик паззлыг бага боловсролын судлагдахуунууд тэдгээрийн агуулгатай холбогдон хичээл сургалтад хэрэглэх боломжийг судалсан нь” сэдвээр Монгол Улсын Консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүй, математикийн багш Ц.Ариунсүрэн нар тус тус шалгарлаа.