Ц.Мөнхцэцэг: Багшийн хөгжил бол мэдлэг, арга зүй, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх үйл явц
2022.04.27

Ц.Мөнхцэцэг: Багшийн хөгжил бол мэдлэг, арга зүй, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх үйл явц

Сүхбаатар дүүргийн багш, боловсролын салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдаж буй “Судлаач багш” эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа.

Тэрээр энэхүү эрдэм шинжилгээний хуралд дараах илтгэлийг танилцуулсан юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэл хийгдэж, багш судлаачид, эцэг эхчүүд, боловсролын экспертүүдээс маш их санал ирж байгаа энэ үед энэхүү эрдэм шинжилгээний хурал таарч байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байна. Хурлын илтгэлүүдийн дүгнэлтүүд болон шинэ санаануудыг бид хуулийн төсөлд тусгахаар ажиллах болно.

Өнөөдрийн хурлын илтгэлүүдээс харахад, боловсролын салбарт урьд өмнө төдийлөн хөндөгдөж байгаагүй шинэлэг сэдвүүд байна. Тухайлбал, “Цар тахлын дараах хүүхдүүдийн нийгэмшлийн нөхөн сэргээх асуудал”, “ЭЕШ-ын шалгуур”, “Сурах бичгийн онол, арга зүй” гэх мэтээр багш нар сургалтын үйл ажиллагааг сайжруулах, монголын боловсролын систем дэх тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрэл хайгуул хийсэн бүтээлч сэдвүүдийг сонгон авч байгаа нь маш бахархууштай.

Монголын төрөөс ерөнхий боловрол, СӨБ, МСҮТ, дээд боловсрол болон Судалгааны их сургууль зэрэг тусгайлсан нийт зургаан салбар хуулиар шинэчлэл хийх гэж байна. Энэ дотроос хамгийн их анхаарал татаж байаа сэдэв бол яах аргагүй ерөнхий боловсролын салбар юм. Энэхүү салбарт тулгамдсан олон асуудал байна. Сургалтын хөтөлбөр, багшийн ачаалал, ялангуяа ахлах ангиудын сургалтын хөтөлбөрийн хэт их ачаалал, англи хэл, байгалийн ухааны хичээлүүд, багшийн ажлын байран дахь тасралтгүй хөгжих асуудал гэх мэт эдгээр асуудлыг монголын төрөөс шинэчлэл хийх ёстой.

Өнгөрсөн хугацаанд миний бие болон БСШУС-ын байнгын хорооны гишүүд нэлээд их судалгаа хийлээ. Багш, эцэг эхчүүдийн зүгээс ч маш их санал ирж байна. Эдгээрээс бидэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх саналууд орж ирсэн. Тухайлбал, боловсролын салбарт чанар, үр ашиг гэдэг асуудал их төвөгтэй байна. Энэ дотор сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх, үүнтэй уялдуулан багшийн ангид ажиллах цагийн ачааллыг багасгах, ахлах ангийн сурагчид илүү мэргэшиж, тодорхой хичээлүүдийг сонгон суралцах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн багшийн ажлын үнэлгээний системд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ялангуяа цар тахлын үеийн цахим хичээлийн бэлтгэлд танхимын хичээлээс илүү цаг хүч, нөөц гаргаж байгаа учраас үнэлэх хэрэгтэй.

”Алсын хараа-2050” хөтөлбөрт багшийг хөгжүүлэх, боловсролыг дээшлүүлэх зэрэг гол зорилтуудаа Боловсролын багц хуулинд уяж өгөх шаардлага бий. Тухайлбал, цалингийн хэмжээг улсын дундаж хэмжээнээс дээш байлгах, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш боломжийг олгох, хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловсролыг олгох асуудлыг нэн тэргүүнд хийх ёстой юм.