2022.02.25

Төгрөг сумын Мазар багаас үхэр жилд хоёр аварга тодорлоо

Төгрөг сумын Мазар багаас үхэр жилд “Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч” хоёулаа төрсөн. Нэг багаас нэг жилд хоёр аварга төрж байсан тохиолдол тийм ч олон биш.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Улсын аварга малчин” Дангайдаваагийн Пүрэвдоржийн гэр бүлд энэ сарын 23¬ буюу хаврын тэргүүн сарын 22-ны билэгт сайн өдөр шагналыг нь гардуулж өглөө.

Төгрөгт өнгөрсөн хоёр жил цаг хүнд орсон. Тиймээс хэдэн малынхаа аяыг харж алсын отроор явж Хэнтийн Бор-Өндөр, Говьсүмбэрийн Чойртой залгаа нутагт өвөлжиж хаваржаад дэлгэр цагт нутагтаа ирсэн гэнэ. Энэ жил хангай дэлхий ивээж нутагт зун сайхан болсных хэдэн мал нь тарга сайн авч өвөлдөө өнтэй тарган орж сэтгэл тэнүүн байгаагаа ярьж байсан.

Д.Пүрэвдоржийн гэргий Буянхишиг зэргэлдээ Баянгол сумын бүсгүй. Тэр гэрлээд 17 жил болж байгаа бөгөөд малын сүү сааль, цагаан идээ бэлтгэх тал дээр хэнийг ч дагуулахгүй ажилсаг нэгэн. Пүрэвдоржийн хаваржиж буй Нам буруу хавирга бүх төрлийн малд идэш сайтай, ганц гэм нь энэ өвөл цас бараг унаагүй болохоор газрын чийг жаахан дутмаг гэдгээс өөр өөлөх юмгүй сайхан нутаг байна. Эднийх үхрээс бусад бүх төрлийн малтай. Шинэ төлийн дуу хэдийнэ цангинаж, эх мал хээл сайн авсан жилбэ сайтай байна билээ.

undefined

Аварга дунд сургуулиасаа малчин болсон. Өөрийгөө дагуулж, аав ээжээс өвлөсөн малч ухаанаа уламжлуулахаар том хүүгээ мал дээр гаргасан гэнэ. Том хүү энэ жил 16 настай, морь малд дуртай, малын ажилд гаргуун нэгэн болж өсч буй юм. О.Дангайдаваа гуайнх 9 хүүхэдтэй. Тэдний нэг охин, таван хүү нь малчин. Бүгд ажилсаг малчаараа гайхагддаг бөгөөд энэ жил Пүрэвдорж хүү нь “Улсын аварга малчин”, дөрөвдэх хүү Пүрэвдагва нь “Аймгийн аварга малчин”, 5 дахь хүү нь 1200 ямаа тоолуулсан амжилтаар “Аймгийн манлай малчин” болсон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn