2022.01.07

Н.Алтаншагай: Үерийн ус их туулдаг хороодыг анхаарч ажиллана

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай Парламент телевизийн "Ярих өнцөг" нэвтрүүлэгт орж, 2021 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлууд болон хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "2021 онд хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалт өрнөсөн. Тэдгээрээс авто зам, гэрэлтүүлгийн шинэчлэлтийг онцлох нь зүйтэй юм. Зам дагаж хөгжил ойртдог. Дүүргийн хэмжээнд 2021 онд 22.7 км авто замыг хүлээж авсан. Тэдгээрийн зарим нь цогц бүтээн байгуулалт бүхий авто замын гэрэлтүүлэг, тэмдэглэгээ зэргийг шийдсэн билээ. Зөвхөн шинэ зам гэлтгүй гэрэлтүүлэг нэмэгдүүлэх шаардлагатай хороодод Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4204, авто замын 621 ширхэг нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж бүрэн ашиглалтад орууллаа. Харин 2022 онд багтаж нийт 8000 гаруй гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр дүүргийн 88-90 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Мөн энэ онд халиа, дошин, үерийн устай холбоотой хүндрэл ихээр үүсдэг хороодын нөхцөл байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна" хэмээв.