2021.06.17

П.Анужин: Хүүхдүүдийнхээ хоол хүнсний төсвөөс хэдий болтол зугтах юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Анужин:

"Бид энэ оны есдүгээр сараас эхлэн сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгөхөөр хууль баталсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан миний бие ахлан ажилласан. Энэ оны 9 сараас эхлэн бага ангийн хүүхдүүдэд шим тэжээлтэй халуун хоол өгч, 2022 оноос дунд, ахлах ангийнхан гэсэн шаталбараар явна. Ажлын хэсэг ахлах хугацаанд байж болох хамгийн бага зардлаар шим тэжээлтэй хоол хүүхдүүддээ өгөх боломжийг судлан мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ судалгаанд үндэслэн нэн яаралтай шийдэх шүаардлагатай төсвийг байнгын хорооны тогтоолд тусган хүргүүлсэн. Гэтэл энэ тухай хөгжлийн хөтөлбөрт нэг ч өгүүлбэр байхгүй байгаад харамсаж байна.

Өнөөдөр бид хүүхдүүддээ өгөх ганц аяга хоолон дээр байж болох хамгийн бага зардал хэрэглэж байгаа нь Монгол Улсын эмгэнэл гэж үзэж байна. Хүн амын ихэнх хэсэг нэн ядуу байгаа энэ үед сургуулийн хүүхдүүдэд өгч байгаа үдийн хоол тухайн хүүхдийн бүтэн нэг өдрийн хоол болж байгаа тохиолдол элбэг байгааг та бид мэднэ. Бусад зам, гүүр барих тухай, нефть, нүүрс, экспорт чухал. Гэхдээ улсын хөгжлийг  эрүүл иргэнгүйгээр төсөөлөх боломжгүй. Энэ эрүүл иргэнийг бий болгодог чухал зүйл нь эрүүл найдвартай хоол хүнс юм. Дэлхий нийт цар тахалд нэрвэгдсэн нь вакцинаас илүү хувь хүний дархлаа чухал гэдгийг ойлгуулсан. Гэтэл бид үр хүүхдийнхээ дархлааг дэмжих энэ төсвөөс зугтаад, ухраад байх юм уу? 

Бид ард түмнээсээ санал авах болохоороо хүүхэд эмэгтэйчүүдийн нэн эмзэг асуудлыг урдаа барьж хөндөөд, сандал сэнтийд хүрсэн хойноо хоол хүнс, эмэгтэйчүүд, эхчүүдийн асуудлыг төсөв дээрээ хүртэл болимоор байна. Асуух асуулт гэвэл, яагаад энэ хөгжлийн төлөвлөгөөнд сургуулийн хүүхдэд өгөх хоол хүнсний талаар нэг өгүүлбэр байхгүй байгаа юм бэ?"

Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn