2021.05.18
Ж.Бат-Эрдэнэ: Мөнгөний бодлогын хүүг хэрхэн зохицуулж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021.05.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол банкны 2020 оны үйл ажиллагааны тайлангийн тухай хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Танилцуулгийг сонслоо. Монгол Улсын засгийн газар болон Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа 10 Их наядийн хөтөлбөр та бүхний оролцоотой уялдан явж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор 10 Их наяд төгрөгөөс хоёр Их наяд нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж, Засгийн газрын бодлогоос нэгээр нэмэн гурван Их нгаяд болгох бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Монгол банкны мөнгөний бодлого нь эдийн засгийн имфляцитай уялдуулан мөнгөний урсгалыг зохицуулах ёстой гэж ойлгож байна. Тус банкны үүрэг аль болох их хэмжээний мөнгийг зөв зохицуулалтайгаар эдийн засагт оруулж ирэх ёстой ба зөв зохицуулалтыг хийх юм.
Тиймээс мөнгөний бодлогын манаач хэлбэрээр баймааргүй байна. Жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг жил болгон дүгнэсэн судалгаа гаргадаг байсан. Одоо гарж байна уу?
Түүнчлэн энэ утгаараа дундаж хүү 13.3% болж байна. Үүнийг доошлуулах боломж бий юу?
Мөнгөний эргэлт, зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бодлогын хүүг өсгөх үү?
Хэдийн хэмжээнд бодлогын хүү болон эдийн засгийг зөөллөх хэлбэрээр явуулах вэ?
Мөн бодлогоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа шинэ хүмүүст тодорхой хэмжээний мөнгө очих бодлогыг барих хэрэгтэй юм. Эдийн засгийг тэлэх боломж бий юу?
Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.