2021.05.10

2022 оныг “ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгоно

УИХ-ын чуулганы 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг мөн баталсан юм.

Уг тогтоолд:
  • Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх,
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах,
  • Хоршооны шинэчилсэн бүртгэлийг хийх; хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс орон даяар сурталчлан таниулах,
  • Хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах,
  • 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулагын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг ажилласан юм. Тэрээр хууль батлагдсан тухай дараах байр суурийг илэрхийллээ.

Хуулийг баталж, хэрэгжүүлснээр хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргахад эрх зүйн тулгуур болж, олон улсын хоршооллын хөдөлгөөнийг улс орон даяар дэлгэрүүлэхэд хөшүүрэг болоод зогсохгүй, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Уг хуульд хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ түвшинд гаргасан заалтууд орсон бөгөөд,

  • Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөнд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон юм.

Монгол Улсад хоршоолох хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой тохиож буй тул 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгож, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт үүрэг чиглэл болгосон байна.


Манай улсад 4700 гаруй хоршоо бүртгэлтэй байдгийн 86 хувь нь анхан шатны, 13.5 хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт хоршоодын 50-60 хувь нь өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй хоршоодын дийлэнх нь хөдөө орон нутагт, идэвхитэй гишүүдийн ихэнх нь малчид байдаг аж.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn