2021.01.19

С.Чинзориг: Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр нөлөө хэр байна?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Нэг жилийн хугацаатай цар тахал үргэлжилж байна. Энэ нь иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн түвшинд яг тодорхой байдлаар хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ? Энэ дээр төр засгийн байгууллагаас ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ? Та бүхэн судалгаа хийж байна уу?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ҮСХ өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг сар тутам 1400 өрхийг түүвэрлэн, сонгоод явуулдаг. 2018 онд сонгогдож байсан өрхүүдээс сар бүр гурван үе шаттай 1147 өрхийг ковидтой холбогдуулан гүнзгийрүүлэн судлаж байна. Бид сая гурав дахь шатны судалгааг аваад дууслаа. Судалгааны үр дүнгээс харахад ажил эрхлэхээс хүн амын хэрэглээний бүлгээр харахад онцын ялгаа байхгүй ч, хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагсдын 4.1 хувь нь эхний шатны судалгааны үед ажил эрхлэхээ больсон байсан. Харин гурав дахь судалгааны үед энэ өрхүүд урт хугацааны орлогын алдагдалд орсон байгаа. Орлого буурсан гэж өмнөх шатуудад хариулж байсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь гуравдугаар шатны үед огт орлогогүй болсон байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нэмэлт тодруулга хийлээ:

Яг одоо ядуурлын түвшин 28 байсан одоо хэд байна вэ? Өрхийн орлого өмнөх оныхоос нэмэгдсэн үү, буурсан уу? Улсын хэмжээнд ядуурал, ажилгүйдлийн хэмжээ буурч байна уу, өсөж байна уу гэдэг тодорхой тоо хэлээд өгнө үү?

Түүний асуултанд ҮСХ дарга Б.Батдаваа хариуллаа.

Дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхний байдлаар -7.3-тай байгаа. Гадаад секторын үзүүлэлт харьцангуй сайн явж байгаа. Төлбөрийн тэнцэл дээр энэ онд 787 сая ам.долларын ашигтай, худалдаан дээр 2.3 тэрбум ам.долларын ашигтай байгаа. Төсөв дээр корона вирусийн нөлөөлөл их гарч ирсэн. Эхний 12 сарын байдлаар 4.5 их наяд буюу ДНБ-ний 12.5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдал үүссэн байна.