ЭЗБХ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 10 цаг 07 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсний дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоог хөгжүүлэх хөшүүрэг болгох зорилгоор хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.
Мөн төслийн 9.1, 13.2, 31.2 дахь хэсэг, 43.1.1 дэх заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн боловч найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулсны дотор төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 13.2 дахь хэсэг буюу хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөх нь хоршооны хөгжлийг дэмжихэд илүү тохиромжтой гэж үзэж зарчмын санал боловсруулсан нь ажлын хэсгийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна. Энэхүү саналтай холбогдуулан төслөөс хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг төслөөс хасах зарчмын саналыг ажлын хэсгээс мөн боловсруулсан гэлээ.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Үргэлжлүүлэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.