Ж.Мөнхбатыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгов
2021.03.18

Ж.Мөнхбатыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгов

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн талаарх саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайдаар томилогдсон тул чөлөөлж, оронд нь өөр хүн томилох шаардлагатай байгаа юм. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Т.Доржханд, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, С.Ганбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага ёс зүйтэй холбоотой олон асуудал байгааг тэмдэглээд, УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны сахилга, ёс зүйн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатайг онцолж байв. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Төрийн өндөр албан тушаалтнууд сахилга, хариуцлагаа умартаж буйг тэмдэглээд, ёс зүйн дүрэм, холбогдох хуулийг яаралтай батлуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Гишүүд Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргаар сонгоход туршлага хуримтлуулсан гэдгийг хэлэхийн зэрэгцээ төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэгт анхаарал хандуулж, хяналт тавихыг сануулав. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулж буй хуулиудыг хэлэлцүүлэн батлуулахад онцгой анхаарахыг захилаа. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сайн ажиллаж байсан тул хэвээр нь үлдээж, Байнгын хорооны даргад өөр хүн дэвшүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байв. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нар нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд гишүүдийн 66,7 хувь нь Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томилохыг дэмжлээ.