2016.07.22

Өмнөх УИХ-ын алдааг зас гэж дараагийн парламентыг ард түмэн байгуулсан шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсож, Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.  “УИХ-ын үйл ажиллагааг харж байхад зарим байнгын хорооны дарга Засгийн газартаа дөрлүүлдэг байсан. Манай Ардын намын гишүүд өмнөх УИХ муу юм хийж байсан учраас бид хийхэд яадаг юм гэсэн аятай юм хэлээд байна. Өмнөх УИХ-ын алдааг зас гэж дараагийн парламентыг ард түмэн байгуулсан шүү. УИХ-ын хариуцлагын асуудлыг чанд биелүүлээрэй. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг шууд эргүүлэн татдаг Ерөнхийлөгчийн хуулийг батлаарай.

Цөөнх гэдэг хяналтын үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс хяналтын чиг үүрэг функцуудаа бүгдийг нь цөөнхидөө өгөөрэй. Төсвийн зарлагын дэд хороо, Ёс  зүйн дэд хороо, Хүний эрхийн дэд хороогоо цөөнхид өгөх хэрэгтэй. Ингэснээр Монголын ардчилал амьтай байх болно” гэлээ.

Байнгын хороодын дарга нарыг томилсны дараагаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.