Жеймс Пэссин: Монголчуудын өмнө түүхэн боломжийн цонх нээгдээд байна
2012.07.23

Жеймс Пэссин: Монголчуудын өмнө түүхэн боломжийн цонх нээгдээд байна

"The Gold Report" сэтгүүлийн сурвалжлагч Враиэн Силвестр "Firebird Global Fund", "Firebird Global Fund II", "Firebird Mongolia Fund", "Firebird New Mongolia Fund" сангуудын хамтран байгуулагч, менежер, "Sharyn Gol JSC", "Baganuur JSC", "BDSec JSC", "National Investment Bank of Mongolia", "Undur Tolgoi Minerals Inc" компаниудын ТУЗ-ийн гишүүн болон дарга Жеймс Пэссинтэй дэлхийн болон Монголын эдийн засгийн асуудлаар ярилцжээ. Тэрээр Хонконгт болсон энэ жилийн "Уул уурхай ба мөнгө" бага хурлын үеэр оны шилдэг сангийн менежерээр шалгарсан юм. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Жеймс, Английн банк, Европын төв банк, Хятадын ардын банк гээд бүгд л эдийн засгийн өсөлтөө дэмжихийн алхам хийцгээж байна. Английн банк зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахаар 50 сая фунт стерлингийг нэмж төсөвлөлөө. Европын төв банк гол зээлийн хүүгээ түүхэн доод хэмжээ буюу 0.75 хувь болгож буурууллаа. Хятад ч мөн адил үйлдвэрлэл удааширч, үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид унахаас сэргийлэхээр гол зээлийн хүүгээ сарын дотор хоёр дахь удаагаа буурууллаа. Эдгээр алхам энэ жилийн турш алтны үнэд хэрхэн нөлөөлөх бол?

 

-Мөнгөний бодлогыг сулруулснаар түүхий эдийн үнэд ерөнхийдөө түлхэц болох нь тодорхой. Эцэстээ инфляцыг дэмжиж өгнө. Эдийн засаг сул, дифляц хүчтэй байгаа энэ үед ойрын хугацаандаа бол өөрчлөлт гарна гэж хэлэх боломжгүй. Алтны үнийн хувьд сүүлийн үед тийм ч их өсөлттэй биш байгаа ч хөрөнгө оруулагчдын мөнгөө хадгалах гол, баталгаатай хөрөнгө хэвээр байгаа. Ойрын хугацаанд мөнгөний бодлогын дээрх өөрчлөлтүүдэд хариу үйлдэл үзүүлэхгүй байх.

 

-Унци алт 1600 ам.доллараар худалдаалагдаж байгаа. Энэ үнээ барих уу?

 

-Бага зэрэг доошилж магадгүй ч ерөнхийдөө жилийн сүүлч гэхэд эргээд өсч эхлэх хандлагатай байна.

 

-Хятадын зээлийн бууралт суурь металлууд, зэс, төмрийн хүдэр гэх мэт гол түүхий эдийн үнэд нөлөөлөхболов уу?

 

-Хятадын эдийн засаг сүүлийн үед дотооддоо савалгаатай байгаа. Тиймээс сүүлийн үед хийж буй алхмууд суурь металлуудын үнэ өсөхөд нөлөөлөхөөр хангалттай хөдөлгөөн биш байх. Харин хэтдээ Хятадын эдийн засаг сэргэнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа болохоор түүний эд, тэр дундаа суурь металлын үнийг нь өргөж гэж бодож байна.

 

-Хятадын банк хүүгийн төвшнөө бууруулсан нь Монголын эдийн засагт нөлөөлөх үү?

 

-Хэлэхэд амаргүй юм. Хятадын мөнгөний болон зээлийн бодлого эдийн засгийнхаа суларч буй чиг хандлагад хэр зэрэг нөлөөлж чадахаас л хамаарна даа. Ер нь бол Монголын эдийн засаг Хятадын нөхцөл  байдлаас маш их хамааралтай.

-Монголын  эдийн  засгийн өсөлт болон боломжуудын талаар таны бодлыг сонсъё?

 

-Монголын эдийн засаг дэлхийн хамгийн хурдтай өсөлттэйд тооцогдож эхлээд байна. Бараг л 20 хувиар  өсчихөөд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь бодит хэмжээ маш их өсч байгааг илтгэх олон баталгаа байна. Өсөлтийн хөшүүргээ бүрэн дүүрэн ашиглаж эхлээгүй байхад шүү дээ. Хэрэв энэ эрчээрээ байвал Мон-голын эдийн засаг ирэх хэдэн арван жилд ер бусын хурдтайгаар өсөхөөр байна.

 

-Монголын эдийн засгийн өсөлтийн траекторыг өөр бусад ямар оронтой харьцуулж болох вэ?

 

-Кувейт зэрэг Булангийн орнуудын газрын тосонд суурилсан их өсөлтийн эхэн үеийг эргээд харахад эдийн засгийн нөөц бололцоогоороо ч, хүн амын тоогоороо ч адил төстэй байна гэж хэлж болно. Тэдгээр орны эдийн засаг маш бага бааз суурь, нөөцөд тулгуурлан асар том болтлоо өсч чадсан. Энэ бол газрын тосны экспорт, мөн баялгийн орлогын сангуудыг байгуулах, зөв захиран зарцуулах Засгийн газрын тулхтай бодлогуудын ач тус. Монголд бол үүнээс хэд дахин илүү бааз суурь, нөөц бололцоо бий.


Монгол Улс хүчирхэг ардчилсан улс төрийн тогтолцоо, бичиг үсгийн өндөр боловсрол, угийн аж ахуйч чанар, Хятад зэрэг дэлхийн хамгийн том зах зээлтэй ойр байршил гээд маш олон давуу талтай. Өнөө үед энэ бүх нөөц бололцоог агуулсан улс орныг олно гэдэг хэцүү шүү. Мьянмар, Хойд Солонгос зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буй бусад орны хувьд дор бүрнээ л олон хэцүү асуудалтай. Ер нь бол сонирхолтой л доо. Монголын хувьд ч хөгжиж  буй   бусад  орны   адил шийдвэрлэх олон асуудал бий. Гэхдээ л дэвшилтэт иргэний болон улс төрийн дэд бүтэцтэй болчихсон нь тун чухал. Энэ нь стратетийн болон бусад хөрөнгө оруулагчдыг татахад ихээхэн ач холбогдолтой.

 

-Хятад найтаавал Монгол ханиад хүрнэ гэдэг үг бий. Хэрэв Хятадын эдийн засгийн өсөлт таамаглаж байснаасаа буураад 8 биш 7 хувиар өсвөл Монголд хэр зэрэг нөлөөлөх бол?

 

-Монголын экспорт, Хятадын эрэлт хэрэгцээний хооронд маш өндөр харилцан хамаарал бий. Монгол руу маш хурдан нөлөөлөл үзүүлэх механизм Хятадад бий. Хятадын эдийн засаг өчүүхэн төдий удааширсан ч Монголд төдий чинээгээр нөлөөлнө гэж ойлгогдохоор. Гэхдээ Монголын банкны систем дэлхийн эдийн засгийн хямралын үетэй харьцуулахад нэлээд хүчирхэгжсэн. Тэгэхээр Хятадын эдийн засагт илүү ноцтой нөхцөл байдал үүссэн ч Монголын эдийн засаг тэгтлээ гүн хямрах магадлал маш бага болсон.

 

-Монголд орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтад гол оролцоотой орнуудын нэг нь Хятадбайхаа?

 

-Гарцаагүй. 1990-2010 онд Монголд орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувь нь Хятадаас байсан. Гэхдээ Хятадаас орж буй хөрөнгө оруулалт их маргаантай байдаг. Саяхан Монголын УИХ-ын баталсан шинэ хууль ч мөн үүнтэй л холбоотой. Одоо харин Канад, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Европ, АНУ-аас хөрөнгө оруулалт нэлээд хийдэг болсон.

 

-Монгол дахь хөрөнгө оруулалтын эрсдэлүүдийг Казахстан,Узбекистан, Туркменистан зэрэгТөв Азийн бусад орныхтойхарьцуулбал ямар вэ?

 

-Би энэ бүс нутагт сүүлийн 15 жилийн турш тойрч ажилласны хувьд их сайн мэднэ. Тиймийн хувьд Монгол Улс дангаараа Төв Азийн бусад бүх улсыг нийлүүлснээс ч илүү дэлхийн төвшний дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нөөц бололцоо, чадалтай гэж боддог. Гол давуу талуудынх нь нэг нь ардчилал, Ардчилсан улс байна гэдэг нь дарангуйллын дэглэм, эсвэл хаант засаглалаас маргаангүй илүү тогтвортой, найдвартай нөхцөл байдалтай гэсэн үг. Ядаж л илүү ил тод. Жишээ нь, Киргизэд л гэхэд улс төрийн нөхцөл байдал тааж таамаглахад маш хэцүү. Өөр нэг давуу тал нь Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаарт жагсдаг. Ингэхдээ дэлхийн хамгийн их баялаг эрдэсийн бүсэд оршдог.

Зарим геологич Монголд төмрөөс уран, мөнгө, цагаан алт хүртэлх бусад эрдэсийг дурдахгүйгээр Оюутолгойтой дүйцэхүйц, төстэй 20-30 орд байх боломжтой гэж ярьдаг. Үүнээс гадна 100 тэрбум тонн эрчим хүчний, 30 тэрбум тонн коксжих нүүрс, түүнчлэн их хэмжээний нүүрстөрөгчийн нөөцтэй эртний далай тэнгисийн ёроолууд ч байгаа гэдэг.

Монголын эдийн засгийн нөөц бололцоо хэдэн арван, бүр зуун их наяд ам.доллараар хэмжигдэхээ байгаа. Тиймээс энэ бол стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээр юутай ч харьцуулшгүй боломж.

 

-"Рио   Тинто",   "АйвенхоуМайнз" компанийн ашиглалтадоруулж буй Оюутолгойн ордМонгол руу хөрөнгө оруулагчдын анхаарлыг соронз мэт татаж эхэлсэн гэж хэлж болохбайх?

 

-Гарцаагүй. Би л гэхэд 2004 онд "Айвенхоу Майнз"-ынхан Оюутолгойг сонирхож эхлэхэд Монголын асар их нөөц бололцоог олж харсан. Энэ ордыг , ашиглалтад оруулснаар хэтдээ ажлын байр бий болгохоос эхлээд Монголын эдийн засагт таамаглашгүй их үр нөлөө үзүүлнэ.

Үүний нөлөөгөөр хүүгийн төвшин буурч, санхүүжилтийн зардал багасч, бизнес эрхлэгчдэд тулгарах хүндрэх бэрхшээл багасч, илүү томоохон хүрээг хамарсан төслүүдийг санхүүжүүлж, бүх салбарын бизнес хөгжих үндэс суурийг тавьж өгнө.

Засгийн газарт л гэхэд төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам сүлжээ, хүргэлт зэрэг дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах татварын орлого нэмэгдэж, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардал буурснаар, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх болно. Цаашлаад дэлхийн хэмжээний олон орд илэрч, ашиглалтад орно байх.

Энэ нь эдийн засгийн хөгжлийн илүү өндөр төвшинд хүргэх бусад бүх салбарын бизнесийг хөгжүүлэх эх үүсвэр болно. Улмаар нэг монгол хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс өсч, магадгүй харьцангуй богино хугацаанд дэлхийн түүхэнд бичигдэхээр өндөр хэмжээнд хүрэх бүрэн боломжтой. Яг одоо монголчуудын өмнө түухэн боломжийн цонх нээгдээд байна.

 

-Зэс, алтнаас бусад металлын хувьд?

 

-Томоохон төмрийн хүдэр, молибдены ордууд бий. Хайгуул, олборлолт гээд янз бүрийн шатандаа явж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.