Улсын нэгдсэн төсвийн зарлага 574 тэрбум төгрөгөөр хэтэрчээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын хагас жилийн дүнг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Дүнгээс үзвэл ДНБ-ий хэмжээ өмнөх оныхоос 2.6 их наяд төгрөг буюу 31 хувь, зэрэгцүүлэх үнээр 17.5 хувиар өссөн байна. Хүнс, ус, ундааны бүлгийн бараа, орон сууц, цахилгаан, түлшний үнэ 0.5-1.3 хувиар өссөн нь хэрэглээний барааны үнэ өсөхөд нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлт долоон их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болсон ч зарлага, эргэн төлөх зээлийн хэмжээ 2.9 их наяд төгрөг болсноор улсын нэгдсэн төсөв алдагдалтай хэвээр байна.