Лондон ажиллагаа
2012.07.10

Лондон ажиллагаа

1908 оны дөрөв дүгээр сарын 27-нд Лондон хотноо нээлтээ хийсэн зуны IV олимпийн төсөв ердөө 60000 фунт байсан ч 22 орны 2008 тамирчин оролцсон уг наадам тийм ч тарчиг болоогүй гэдэг. Хэдийгээр Лондон хот уг олимпоос 21377 фунт буюу гаргасан зардалаасаа 2.5 дахин бага ашиг олж, нийт тасалбарынх нь 28 хувь буцаагдсан ч дайны гал өрдөх дээрээ тулсан хурцадмал үед дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпийн тоглолтыг ёслол төгөлдөр зохион   байгуулсан гавьяатан. Хожмоо зургаан жил, нэг хоног үргэлжилсэн.


Дэлхийн II дайны уршгаар олимпийн тоглолт 12 жил саатаж (1936 онд Берлинд зохиогдсоноос хойш), 1948 оны долоодугаар сарын 29-нд мон л Их Британийн зүрх Лондон хотноо хөшгөө нээж байв. Дэлхийн II дайн дууссан хэдий ч дийлэнх орон, тэр дундаа Их Британи санхүүгийн доройтолд орсны улмаас олимпод зориулж нэг ч шинэ хотхон, байгууламж барьсангүй.

Гэлээ ч Их Британийн VI Жорж хаан Хөнөөлт цаг дууслаа. Хөгжил баясал, энх цагийн уриа нижигнэж байна. 1945 онд дэлхий нийтийг хамарсан тэмцэл дууссан хэдий ч энэ дайн бидний итгэлийг авч оджээ. Харин өдгөө агуу их олимпийн хөдөлгөөн бидний сэтгэлийг, итгэлийг сэрээхээр айсуй" хэмээж, зуны XIV олимпийг нээж байлаа. Тэгвэл өдгөө будант Альбионы тэнгэр дор зуны XXX дахь олимп эхлэх цаг айсуй. Олимпийн наадмыг гу|рав дахь удаагаа зохион байгуулах анхны хот болж буй Лондон энх цагт хэрхэхийг дэлхий нийтээр хүлээж байна. Бүр бүх цаг үеийн супер нь хэмээгдсэн  Бээжингийн  олимпийн  дараа буурал Европын сүр хүчийг тандаж байж ч мэдэх юм.

БЭЭЖИНГИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ

Азийн эдийн засаг болоод соёлын хэт давамгайлал өчнөөн жил ноёлж ирсэн Европын орчин цагийн соёл иргэншилд заналхийлэх түвшинд хүрсэн учраас урьд тайтгарал, баяр ёслолын шинжтэй байсан спортын наадам хүртэл далд "дайн"-ы ил хэлбэр болсоор удав. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн хэтэрхий төгс, хангалуун зохион байгуулалтыг Европын ихэнх улс "түрэмгийлэл, заналхийлэл" мэт хүлээн авсан, ер нь ингэвэл ч зохиолтой хэмээн шинжээчид бичиж байлаа. 2008 оны Бээжингийн олимпийн хаалтын өдөр Лондоны бэлгэ тэмдэг болсон хоёр  давхар улаан автобус "Шувууны үүр" цэнгэлдэхэд зочилж, тус хотын удирдлагууд олимпийг өндөр түвшинд зохион байгуулна гэдгээ амлахдаа ихээхэн "шазуур зууж" байсан эгзэгтэй агшныг бид мартаагүй. Харин өдгөө тэд юу бүтээн байгуулж, Бээжинг хэрхэн давахаар зэхсэн бол?

Бээжин хотын удирдлагууд олимпийг зохион байгуулах эрхээ авмагц "Бид ямартай ч 2004 оны Афиний олимпоос (15 тэрбум ам.доллар) давсан зохион байгуулалт, зардал гаргана" хэмээн мэдэгдэж байсан. Тэд хэлсэндээ хүрч, өөрсдийнх нь мэдэгдснээр 16 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг ч, зарим шинжээч өртөг нь 40 тэрбум ам.доллар хол давсан хэмээн таамагласан.


Тэгвэл Лондоны олимпийн төсөв эхний байдлаар 17.8 тэрбум ам.долларт хүрсэн гэж байна. Гэвч Лондон хотын удирдлага албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа учраас энэ дүнд итгэх эрт, ямартай ч дээрхээс давсан байх хэмээн "Telegraph''-т бичжээ. Энэ зардлын 64 хувийг Их Британийн Засгийн газар, 23 хувийг "Үндэсний лоттери" ("National Lottery") 13 хувийг Лондон хотын Захиргаа, Лондоны хөгжлийн агентлаг гаргасан байна. Мэдээж олимпийн тоглолт өнөө цагт бизнес болж  хувирсан учраас тэд гаргасан зардлаа нөхөх, улмаар ашиг олох лоозон дэвшүүлсэн байж таарна.

"Oxford economics" болон "Lloyd banking group''-ийн тооцоогоор Лондоны олимп Их Британийн ДНБ-г ойрын 12 жилдээ 16.5 тэрбум фунт буюу 24.7 тэрбум ам.доллараар өсгөх аж. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэггүй учраас буурал тивийг залгих дөхсөн өрийн хямралд тус улс тийм ч их өртөөгүй төдийгүй, дэлхий нийтийг хамарсан ажилгүйдлийн буухиаг тойрч дөнгөсөн нь аз юм. Учир нь Олимпийн бүтээн байгуулалтад 267мянган англи хүнийг дайчилсан гэх тооцоо бий. Мөн олимпийн дуулианаар барилгын салбарын үйлдвэрлэл 82, жуулчдын тоо 12 хувиар өссөн байна.

БҮРХЭГТААМАГ

Ер нь Лондоны олимпод Европ даяараа итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдэг нь оргүй биш байх. Цөөнгүй шүүмжлэгч энэ үйл явдлыг зөвхөн Лондон, Бээжин хоёр хотын хөгжлийн харьцуулалт биш, Ази, Европын эхлээгүй тэмцлийн цуурай, өмнөтгөл болно хэмээн харж байна. Мэдээж дээрх тоо баримтууд англичуудын төдийгуй, европчуудын урмыг хугалаагүй, бас ч гэж нүсэр олимп болох нь гэсэн итгэл төөрүүлж буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч Английн Төв банк олимпийн эдийн засгийн нөлөө хүсэж байснаас бага байж мэдэхийг сануулсан нь гэнэтийн цочроо байлаа. Английн Сангийн сайд Жорж Осборне "Хямралын үед бид олимпод харьцангуй их зардал зарцуулсан. Харин үүнээс эргэж ирэх ашиг, эдийн засгийн эерэг нөлөө нь бүс нутгийн буюу Лондоны хэмжээнд өсөхөөс биш, Английн эдийн засагт тийм ч хүчтэй нөлөөлөхгүй байж мэднэ. Жишээ нь, жуулчдын тоо өсөж байгаа хэдий ч тэд зөвхөн Лондонд төвлөрч байна" хэмээн 'Telegraph''-т өгсөн ярицлагынхаа үеэр дурджээ. Үнэндээ тэр Сиднейн олимпийн жишгээс айж байгаа хэрэг. 2000 оны Сиднейн олимп Австралийн эдийн засгийг ердөө нэг хувиар өсгөсөн бол, Лондоны олимп бүхий л эрсдлийг тооцвол ердөө 0.2 хувийн эерэг нөлөө авчирна хэмээн Английн Төв банкны ахлах эдийн засагч Дэйл мэдэгдсэн байна. Мэдээж энэ бол нөхцөл байдлыг хамаг л муу утгаар нь, гярхай бодсон тооцоо гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй байх. Тэрбээр олимп Британийн эдийн засагт ядаж 0.5 хувийн өсөлт авчирвал балансаа барих буюу боломжийн хэмээн бодож болно гэсэн.

ЛОНДОНЫ ХАЯЛГА

Гэвч Дэйл эрсдлийг хэтэрхий нарийн тооцсон учраас, зарим талд хэтрүүлсэн ч байж болох. Жишээ нь ВВС-гийн мэдээлж буйгаар Лондоны олимпийн хаялгаар Шотландын эдийн засаг 2.25 тэрбум ам.доллараар өсөх тооцоо  бий аж. Шотланд бол Их Британийн бүрэлдэхүүнээс жуулчдыг хамгийн их татдаг бүсийн нэг бөгөөд Лондоныг зорьсон жуулчдын дийлэнх нь Шотландад үдлээд гарна хэмээн найдаж буйгаа нуугаагүй. Тийм ч учраас Шотланд өнгөрсөн жилүүдэд нийт 774 сая фунтын бүтээн байгуулалт, засвар шинэчлэл хийсэн байна. Мөн ойрын таамгаар энэ жил тус улсад 11 сая жуулчин ирж, 185 сая фунтын орлого оруулна хэмээн тэд тооцжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 43 сая фунтээр өссөн үзүүлэлт юм.

ЭЗЭНГҮЙДЭЛ

Лондоны олимпод найман сая, паралимт зориулан 1.5 сая тасалбар хэвлэсэн хэдий ч сүүлийн тооцоогоор олимпийн тасалбарын 82, паралимпийн тасалбарын 63 хувь нь зарагдах нь. Энэ тооцоолоогүй эрсдэл Лондоны удирдлагуудын толгойн өвчин болж байна. Шинжээчид олимпийн маркетингийг Бээжингийнхтэй харьцуулбал тун муу хийсэн хэмээн буруутгаж байгаа. Энэ ч оргүй үг биш байх.

Мөн тус хотын зочид буудлуудад "эзэнгүйдэл" нүүрлэж мэдэхээр байна. Учир нь Лондон бол дэлхийн өртөг өндөртэй хотуудын нэг. Ялангуяа зочид буудал, зоогийн газрууд нь жигтэйхэн үнэтэй байдаг. Жишээ нь, 2-3 одтой дундаж буудлын нэг хүний өрөө нь, нэг хоногт 120-300 ам.доллар байна. Энэ бол үүргэвчтэй аялагч төдийгүй, дундаж өртгөөр аялаж байгаа жуулчдад муу мэдээ мөн. Тиймээс жуулчдын ихэнх нь хямдхан буудал, эсвэл түрээсийн байруудад олноор шингэж байгаа тухай BBC сурвалжилсан байсан.

"Оскар"-ын шагналт найруулагч Дэнни Бойлийн найруулгаар зуны XXX олимп долоодугаар сарын 27-нд хөшгөө нээж, болдгоороо л болно.  Дайны жилүүдэд ч огт мөнгөгүй байхдаа ч эв найрамдлын олимпийг зохион байгуулж ирсэн Лондон хотынхон эхлээгүй наадмын сөрөг таамгаас айхгүй байна.с

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.