Д.Ганхуяг:Монгол улс хөгжлийнхөө түүхэнд хамгийн томд тооцогдох хөгжлийн их давалгааны өмнө байна
-Улс төрчийн хувьд баримталдаг зарчим тань юу вэ?
-Улс, нийт иргэдийн эрх ашгийг дээдлэн хуулийг чандлан сахих.
-Монгол улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн судалгаа гардаг. Энэ талаар?
-Хууль хэрэгждэг орнуудад иргэдийн шударга ёс, хууль дээдлэх болон хууль зөрчигчидтэй тэмцэх ухамсар, сэтгэлзүй бүрэлдэн тогтсон байдаг. Манай улсад хамгийн тулгамдсан асуудал. Эдийн засаг, нийгмийн харилцаан өндөр үзүүлэлт, ажилгүйдэл, ядуурал, баялгийн шударга бус хуваарилалттай шууд хамааралтай. Үүнээс шударга, зоригтой, ёс зүйтэй түшээдээс бүрдсэн төр, нийт иргэдийнхээ дэмжлэгээр гарна.
-Хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан юу юм бэ? Та ч бас төрийн түшээ шүү дээ?
-Улс төрийн нам, Улсын их хурлын бүтцийн байгууллагууд аливаа шийдвэрийг олонхиороо гаргадаг. Олонхи нь хуулиа дээдлэхгүй, ёс зүй алдаж, хууль зөрчсөн улс төрийн албан тушаалтантайгаа хариуцлага тооцохгүй бол эрх зүйт төрийн үндсэн зарчим алдагддаг. Ардчиллын 22 жилийн 16 жилд нь, нийслэлд 22 жил салхи оруулалгүй барьсан өнөөгийн эрх баригчид хөгжлийн тушаа болж байна. Нийслэлийг төлөвлөлт муутай хөгжүүлснээс утаа, түгжрэл, гэмт хэрэг болон хэв журмын зөрчил өсөх, байгаль орчны тэнцвэр алдагдах, газрыг шударга бус, хууль бусаар олгох, далд наймаа зэрэг олон тулгамдсан асуудал бий болсон байхад эрх баригчид албан тушаалтнуудтай хариуцлага тооцохгүй, харин ч эрх баригч намд төрийн өмч, олон нийтийн баялгийг зувчуулсан баячууд, бусдад ийм боломж олгосон улс төрчид албан тушаал ахиж том дарга болох жишиг тогтоосон.
-Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн үү?
-Тийм. Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахдаа УИХ-ын 57-р тогтоолыг мөрдөх учиртай байсан. Гэтэл тогтоолыг ноцтой зөрчиж гадаадын хөрөнгө оруулагчид илүү их ашигтай байхаар гэрээ байгуулсан. Энэ бол улс орон, ард иргэдийн эрх ашгийн эсрэг үйлдэл.
-Нийслэлд газрын наймаа гэж нэг айхтар асуудал байдаг?
-Газрын тухай хуулиар аж ахуйн нэгжид газрыг дуудлагын худалдаагаар олгох учиртай. Өнөөдөр иж бүрэн дэд бүтэцтэй хотын “А” зэрэглэлийн 1.0 га газар 1-2 сая ам.долларын үнэтэй байдаг. Гэвч энэ орлого нийслэлийн төсөвт бараг ордоггүй, дүүргүүдэд газрыг дэд бүтэцтэй болгомогц хэн нэгэн эрх мэдэлтэн, эсвэл тэдэнд ойрхон хувь хүн, компани авчихдаг гэсэн мэдээлэл бий. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтэцтэй болгосон газраа дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь “Дэд бүтцийн хөгжлийн сан” байгуулах учиртай. Дэд бүтэцтэй газрын орлого буруу замаар орсноос болж өнөөдөр нийслэлд 180.000 орчим өрх дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч байна.
-Тавантолгойн Ухаа худагийн хэсгийг хувийн компани ашиглаж байгаа. Энэ талаар?
-УИХ-ын тогтоолыг зөрчин Засгийн газар Ухаа худагийг хувийн компанид тасдаж өгсөн. Одоо 5-6-хан гэр бүл нийт коскжих нүүрсний нөөцийн 20 шахам хувьтай ордыг эзэмшиж, 2.8 сая монголчууд Тавантолгойн ордынхоо 80 хувийг ашиглах компанийн 20%-ийг, бодитоор бол 16%-ийг эзэмших болж байна. Ухаа худагийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар үлдэж байгаа том Тавантолгойг ашиглах компаний үнэлгээ, иргэдэд очих хувьцааны үнэ буурах нь ойлгомжтой. Энэ ордыг нийт иргэдэд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө тэмцэх болно.
-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудалд та нилээд анхаарал хандуулдаг?
-Стратегийн ордуудыг ил тод, шударга ашиглахын тулд Засгийн газрыг бүх боломжоороо шахаж шаардсан. Тэдгээр ордын лицензийг мэдээлэлд ойрхон байсан, эсхүл төрийн албан тушаалтан ямар нэгэн аргаар авчихдаг. Тэгснээ хадгалж байсан гээд гол өрмийг нь хамчихдаг. Энэ дөрвөн жилд Засгийн газар хуульд заасны дагуу эдгээр ордын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох саналыг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байлаа. Гэтэл Оюутолгойгоос өөр ордын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоолгосонгүй.
-Зөв байхын хэм хэмжээг тодорхойлооч!
-Бусдын эрх ашгийг хөндөхгүй байх. Асуудал босоход “бурууг бусдаас биш өөрөөсөө хайх”. Үргэлж өөртөө үнэлэлт, дүгнэлт өгдөг байх. “Санаа сайн бол заяа сайн” гэдэг сургаалыг бодож явахад сэтгэл өөдрөг байдаг. Үргэлж тэмүүлэл, зорилготой байх. Хөдөлмөрч хүнийг аз, амжилт дагадаг гэж боддог.
-Улс үндэсний эрх ашиг, хувь хүний эрх ашгийн ялгаа яаж илэрдэг юм бэ?
-Төрд ажиллаж байгаа хэн ч үндэсний эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр тавих учиртай.
-Монголын өнөөдрийг дүгнэнэ үү?
-Монгол Улс хөгжлийнхөө түүхэнд хамгийн томд тооцогдох хөгжлийн их давалгааны өмнө байна. Энэ давалгааг хэрхэн давж туулах нь хүн бүрийн хүчин чармайлт, улс төрчид, хууль тогтоогчдын эх оронч сэтгэлээс хамаарна.
-Улс төрчид юун дээр хамгийн их алдаад байна вэ?
-Өнөөгийн улстөрчдөд улсын эрх ашгийг намынхаас дээгүүр тавьж чадах, намаас гарсан улсын эрх ашигт нийцэхгүй шийдвэрийн эсрэг зогсож чадах зориг, үнэлэмж, үзэл баримтлал, ийм чанарууд шаардлагатай байна. Хөгжлийн эгзэгтэй үед улс төрчдөөс ардчилсан, зоримог, эх оронч үзэл бодлыг илүү шаарддаг. Ийм үзэл бодолтой улстөрчдийг барууны орнуудад шонхор улс төрчид гэдэг. Хэн нэгэн даргын хүүхэлдэй, кнопчин улс төрч хэрэггүй.
-Төр, засгийн хамгийн түрүүнд засч залруулах алдаа юу вэ?
-Хууль дээдлэх. Дотоодын олигархиуд, гадны болон үндэстэн дамжсан корпорациудын дарамт шахалтад автахгүй, эх орон, нийт иргэдийнхээ эрх ашгийг түрүүнд тавьж хүчтэй, зоригтой байх. Үүнийг зөвхөн ашиг сонирхлын зөрчилгүй улс төрчид чадна.
-Авлигыг устгах таны төлөвлөгөө?
-Авлига сайхан Монгол орныг минь муухай харагдуулдаг. Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлснээр нийгэмд авлигатай тэмцэх үзэл санааг суулгах нь чухал. Би Авлигын эсрэг хуульд “Хахууль өгсөн талыг авлигын хэргээс чөлөөлөх” тухай нэмэлт, өөрчлөлт оруулна. Ингэснээр авлигачид айдастай амьдардаг, цагийн эрхээр хариуцлага тооцогддог тэр эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр гэм хийгээгүй, хууль зөрчөөгүй иргэн хүн сайхан амьдардаг нийгмийг цогцлоох болно.
-Тэгш эрх хаанаас эхэлж, хаана дуусдаг юм бол?
-Ижил тэгш боломжоос эхэлж, тэр бололцоог ашиглах сонирхолтой хувь хүмүүсийн мэдлэг ухаан, ур чадварын өрсөлдөөнөөр дуусдаг болов уу.
-Шударга ёс гэж таныхаар?
-Уламжлал, ёс зүй, хууль дээдлэх явдал.
-Ядуурлын шалтгааныг хаанаас хайх ёстой вэ?
-Манай аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадвар, иргэдийн амьжиргаанд дарамт үзүүлж байгаа арилжааны банкны зээлийн хүү. Бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдсөн бэлэн мөнгөний амлалт. Зах зээлийн эдийн засаг дахь төрийн зохицуулалтын хомсдол. Төрийн хүнд суртал, авлигын ачаалал. Байгалийн баялгийн тэгш, шударга бус хуваарилалт.
-Улс төрд хүн чанарын үүднээс хандах боломжтой юу?
-Тэргүүн ээлжинд хуулийг чандлан баримтлах учиртай. Улс төрийн зорилго нь улс орны хөгжил болон иргэдийн сайн сайхан амьдралын төлөө учраас шийдвэрлэхэд бэрх асуудлыг хүн чанарын үүднээс бодож үзэхэд зөв хариулт гарах үе бий.
-Таны улс төрд орсон гол зорилго юу вэ?
-Улам хүнд ачааг үүрэх зорилгоор би улс төрд орсон. Цаашдаа улам зоримог, үнэлэмжтэй, мэдрэмжтэй байж, улс орноо хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна.
-Уул уурхай Монголыг аврах уу?
-Ойрын ирээдүйд улс орны хөгжилд томоохон ордуудаас орох орлого чухал үүрэгтэй. Гол нь энэ баялгийг хамгийн үр дүнтэй ашиглах нь чухал. Цаашдаа бол мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил, тодруулбал, Монгол хүний өөрийнх нь хөгжлөөс бүх зүйл хамаарах болно.
-Эдийн засгийн өсөлтдөө бид эргэлзэх учиртай юу?
-Өсөлт гарах нь зайлшгүй. Гагцхүү энэ өсөлтийн чанарт анхаарах ёстой. Яг өнөөдрийн өсөлт бол хөөсрөлттэй байгаа.
-Хөгжлийг хэрхэн хэмжих ёстой вэ?
-Тоон үзүүлэлт нь дотоодын болон үндэсний нийт бүтээгдэхүүн. Бодит хэмжээ нь иргэдийн амьжиргааны түвшний тогтвортой өсөлт, аж ахуй эрхлэгчдийн бүтээмж, ашгийн өсөлтөөр илэрхийлэгдэх учиртай. Үүнийг л иргэдийн гэрийн хаалгаар эдийн засгийн өсөлт орж байна гэж хэлнэ.
-Эх орон хаана оршдог вэ?
-Тусгаар тогтносон орны иргэдийн зүрх, сэтгэлд оршдог болов уу.
-Эх оронч байхад шалгуур бий юу?
-Бий байх шүү. Хувийн эрх ашгаа бусдын, нийт иргэдийн, улсын нийтлэг эрх ашгийн дараа тавьж чадах эсэхээс их хамаарна. Ардчилсан, зах зээлийн нийгэмд бусдын эрх ашгийг хөндөхгүй байх, бусдын төлөө байх нь илүү сайхан амьдрах боломж олгодог. Ингэж гэмээнэ хүн бүрийн сэтгэлд элэг нэгт монголчуудаа, эцэг эх, үр хүүхэд, нутаг ус, газар шороогоо хайрлах, хамгаалах сэтгэл улам бадардаг.
-Эрх чөлөө юугаар хангагддаг вэ?
-Юуны түрүүнд бусдын эрх ашигт хүндэтгэлтэй хандахаас эхэлнэ. Бид бүгдээрээ эрх чөлөөтэй байхын тулд хуульт ёсны дор байх ёстой.
-Монголчууд эрх чөлөөтэй байж чадаж байгаа юу?
-Харьцангуй ойлголт. Социализмын үеэс илүү эрх чөлөөтэй. Гэхдээ хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хүний эрх чөлөө хангагдахгүй.
-Хүн байхын утга учир юу вэ?
-Эрх чөлөөтэй байх. Эх орон, ард түмэн, эцэг эх, үр хүүхэддээ хэрэгтэй хүн байх.
-Хотын соёл гэж таныхаар юу вэ?
-Орон нутгаас хүмүүс нийслэл хот, том хотуудад шилжин суурьшсанаар шинэ соёл, шинэ зах зээл, шинэ мэдээлэл, хөгжлийн бүс бий болдог. Ийм том хотуудын оршин суугчид соёл, иргэншил, дүрэм заншлын нэгэн хэм хэмжээгээр ажиллаж, амьдардаг.
-Нийслэийн утаа “хаанаас гараад” байна. Утааг бууруулж, ямар хугацаанд үгүй болгох вэ?
-Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, хотыг дахин олон улсын түвшинд төлөвлөх шаардлагатай. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал хамгийн чухал. Өнөөгийн хурдаар бол шийдэгдэхгүй. Санхүүжилтийг шийдэх талаар би судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль батлагдахад уртдаа 6 жилийн дотор гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох боломжтой.
-Утаанд хордсон, хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгөх ёстой юу?
-Тэр мэдээж. Төр засгийн зүгээс одооноос бэлтгэл хангах нь зүйтэй.
-Та УИХ-ын гишүүний тэрбум төгрөгөө юунд зарцуулав?
-УИХ-ын гишүүн төсөв батлах эрхтэй болохоос захиран зарцуулах эрхгүй. Тендерийг Засгийн газрын гишүүд, нийслэл, дүүргийн засаг дарга нар зарлаж, гүйцэтгэгч компанийг шалгаруулан, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлдэг.
-Танай тойрог дээр яригддаг ОХУ-ын түрээсийн байрны асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Олон саад давааг давж байж одоо л иргэд орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахад ойрхон болсон. 2004-2008 оны хооронд хоёр орны Засгийн газрын түвшинд, 2008-2012 онд Ерөнхийлөгч нарын түвшинд, улмаар стратегийн тунхаглалд эдгээр байрыг Монголын талд шилжүүлэх улс төрийн шийдвэр гарсан. Одоо хоёр орны Гадаад хэргийн яамд ажиллаж байна. Нэг асуудал нь зарим том төслүүд хөдөлтөл ОХУ-ын тал нааштай хандахгүй байх шиг байна.
-Таныг “ангийнхан” тань 3-5 гишүүний дайтай ажилладаг гэж байсан. Та үнэхээр тийм сайн депутат уу?
-Ангийн нөхөд маань сэтгэлийн урам өгсөнд талархаж явдаг. Эцсийн үнэлгээг сонгогчид маань тавина.
-Таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ?
-Хувиа хичээсэн зан, худал хуурмаг үйлдэл, залхуу зан, цалгар назгай байдал.
-Өөрөөрөө бахархдаг уу?
-Өөрөөс илүү үр хүүхдийн минь амжилт намайг баярлуулдаг. Өөрөө бол тэдэндээ үлгэр дууриал сайтай байхыг хичээдэг. Эх орон ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж, бүтсэнийх нь дараа эргэж харахад бахархал төрөх үе бий.
-Талархлаа та яаж илэрхийлдэг вэ?
-Хүнд талархлын үг хэлэх дуртай. Японд сургууль төгссөн хүмүүс дэндүү гэмээр мэндлэх, хүндлэх талархах дуртай.
-Бусдад тус болоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Сэтгэлийн ханамж авдаг.
-Та ингэхэд чухам хэн бэ?
-Би Хангайн нурууны өндөрлөг, хүйтэн гэгддэг Тосонцэнгэлийн ойролцоо, Тэрхийн гол эх авдаг Хойд Тэрхэд малчны гэрт төрсөн, жирийн нэг монгол эр хүн.