2012.06.13
Арилжааны банкууд зээлээ хумьж эхэлжээ
-Монголбанк үүнийг дэмжиж байна-
"Арилжааны банкууд зээл олгохоо больсон" гэх яриа гарчээ. Үнэхээр тийм эсэхийг тодруулахаар хэд хэдэн банкин дээр очиж үзсэн юм. Монголд арилжааны 14 банк байдаг. "Голомт", "Эрэл", "Хас" зэрэг банкны хувьд зээл олгох болзол, шаардлагаа чангатгажээ. "Хаан", "Хадгаламж" банк одоохондоо зээлээ хумиагүй гэх тайлбар өгсөн.
Гэвч арилжааны банкуудын дийлэнх нь зээлээ татаж эхэлсэн бололтой. Зарим банк цалингийн зээл олгохгүй, цахилгаан хэрэгсэл, автомашин худалдан авах гэх мэтэд зориулагдсан хэрэглээний зээл гаргахгүй байгаа гэдгээ ч мэдэгдсэн юм. Харин түүний оронд эргэн төлөгдөх чадвар сайтай, томоохон хэмжээний зээл өгч байгаа аж. Банкнаас тавьж буй хатуу шаардлагуудыг биелүүлсэн хүн л зээл авч чадна. Үүнд зээлийн хүү, урьдчилгаа нөхцөл, эргэн төлөх хугацаа зэрэг багтах юм.
Арилжааны банкууд зээлээ хумихад олон шалтгаан нөлөөлдөг. Үүний нэг нь мөнгөний хатуу бодлого юм. Эдийн засгийн хэт халалтай холбоотойгоор инфляцийн өсөлтөөс сэргийлэхийн тулд төв банк мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн. Түүнээс өмнө арилжааны банкууд зээл их хэмжээгээр олгож байсан талаар эдийн засагчид онцолдог. Харин одоо бол зөвхөн өндөр чанартай зээлийг илүүд үздэг болж.
Өөрөөр хэлбэл, чанартай зээлийг "зээл"-д тооцдог болсон байна. Хязгаарлалт хийж, хяналт тавьж байгаа салбар нь хэрэглээний болон орон сууцны зээлүүд юм. Түүнээс гадна нэмүү өртөг үүсгэдэг зээлд түлхүү анхаарах болж. Энэ нь товчхондоо бол бизнесийн зээл гэсэн үг. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар авч буй зээл. Харин хэрэглээний зээл гэдэгт автомашин, тансаг байр, электрон хэрэгсэл худалдан авахын тулд арилжааны банкнаас мөнгө зээлэх ойлголт багтана.
Хэрэглээний зээл нэмэгдэх нь инфляци өсөх нэг шалтгаан болдог байна. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард инфляцийн талаарх тайлан мэдээ гаргасан. Үүнд дурьдсанаар бол улсын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляцийн төвшин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.4 хувиар өсчээ. Харин оны эхэн үеийнхээс 8.2 хувь, өмнөх сарынхаасаа 0.5 хувиар өссөн байна.
Инфляцийн өсөлт хэдийнэ хоёр оронтой тоогоор хэмжигддэг болж. Ийм үед арилжааны банкууд хэрэглээний болон бизнесийн зээлийг хумих замаар үнийн өсөлтийг хязгаарлах, үнийн хөөс үүсэхээс сэргийлэх бодлого баримталж эхэлсэн байна. Бүр нарийн яривал энэ нь арилжааны банкууд гэхээс илүү Монголбанкны бодлоготой шууд хамааралтай.
Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж, 13.25 хувь болгосон. Төв банкны хүү нэмэгдэхийн хэрээр арилжааны банкууд зээлийн бодлогоо хумьж эхэлдэг гэх тайлбар бий. Төв банкны өндөр хүүтэй үнэт цаасыг худалдаж авах нь банкуудад илүү ашигтай. Эрсдэл багатай. Үүнээс үүдээд арилжааны банкууд илүүдэл хөрөнгөөрөө Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах боломжтой юм. Харин тэдэнд төлөх хүүгийн мөнгийг иргэдийн татвараас олсон орлогоор гүйцээдэг гэх. Түүнээс гадна Монголбанк бодлогын хүүгээ нэмэхтэй зэрэгцээд арилжааны банкуудын зээлийн хүү ч өсдөг. Энэ нь зээл хумигдаж байгаагийн илрэл юм.
Гэхдээ арилжааны банкууд дөнгөж одоо л зээлээ хумьж эхэлж байгаа юм биш. Энэ асуудал аль өнгөрсөн оны эцсээс яригдах болсон юм. Өнгөрсөн онд арилжааны банкуудын нийт хөрөнгө найман их наяд төгрөг болсон. Үүнтэй зэрэгцээд зээлийн хэмжээ 70 гаруй хувиар нэмэгджээ. Эдийн засгийн хэт өсөлт нь санхүүгийн салбар дахь мөнгөний урсгалыг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Зээлийн эрэлт ч бас их байж. Гэхдээ энэ нь яваандаа эрсдэлээ тооцохгүйгээр их хэмжээний зээл гаргах нөхцөлийг бүрдүүлэх аюултай хэмээн зарим эдийн засагч онцолж байв. Тийм учраас төв банк арилжааны банкуудын зээлийг хумихын тулд бодлоготойгоор хөдөлж эхэлсэн юм.
Төв банк банкуудыг нөөцийн хөрөнгийнхөө хувийг нэмэхийг шаардах болж. Энэхүү хатуу бодлогоос үүдээд өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн арилжааны банкууд мөнгөн хөрөнгийн дутагдалтай болсон гэх тайлбар бий. Өнгөрсөн оны эхээр болон сүүлчээрх арилжааны банкуудын хөрвөх чадварыг илэрхийлэх хөрвөх актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцааг тооцож үзвэл нэлээд их хэмжээгээр буурсан байна. Тэгэхээр арилжааны банкууд зээлээ хумьж эхэлсэн нь мөнгөгүй болсондоо биш. Харин эрсдлээс сэргийлэхийн тулд заавал байлгах ёстой хөрөнгөө нэмсэн гэсэн үг. Үр дүнд нь эрсдэл улам багасна.
Өнгөрсөн оны эцсээр арилжааны зарим банк орон нутагт зээл гаргахгүй байгаа гэх мэдээлэл цацагдаж байв. Түүнчлэн зээлийн нөхцөлөө тэр үеэс чангатгаж эхэлсэн юм. Гэхдээ энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэхээс татгалзаж байв. Ямартай ч Монголбанкнаас явуулж буй инфляцийг онилсон мөнгөний бодлого арилжааны банкуудын хэрэглээний болон бизнесийн зээл хумигдах гол шалтгаан болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.