Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилно
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд “...төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлах...”-аар заасан. Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа билээ. Эдгээрийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тухай газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулллаа.
Өмнө нь Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилдог байсан. Үүнийг өөрчилж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт оруулан 2020 оны 12 сарын 31-ний өдөр баталсан юм.
Ингэхдээ Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. Харин Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилохоор өөрчилсөн байна.
Авлигатай тэмцэх газрын дарга
Авлигатай тэмцэх газрын дарга төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга
Авлигатай тэмцэх газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байна.
Хуульд тусгаснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болох юм байна. Хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсон юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn